Сайншанд сум 2030 он гэхэд дөрвөн сая мод тарьж, ургуулах зорилт тавьсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-05-18 08:25:58

Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд сумын ЗДТГ-аас 2022 оныг “Эко хот -2022” зорилтот жил болгон зарласан бөгөөд жилийн ажлын нээлтийг энэ сарын 13-нд зохион байгууллаа.

Нээлтийн үеэр Сайншанд сумын Засаг дарга бөгөөд хотын Захирагч Ч.Түвшинтөр "Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Сайншанд сум 2030 он гэхэд дөрвөн сая мод тарьж, ургуулах зорилт тавьсан, 2022 онд нийт 400 гаруй мянган мод тарих төлөвлөгөөтэй бөгөөд тарих есөн байршилд нийт 90 га газрын байршлыг хот хөгжлийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж байна” гэв.

Зорилтот жилийн ажлын хүрээнд Сайншанд сумын хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор хог хаягдлыг анхдагч үүсгэвэр дээр нь ангилах, ялгах ажлыг иргэд болон аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоотойгоор үе шаттай зохион байгуулахаар болжээ.

Эко хотын нээлтийн өдөрлөгийн үеэр дахивар хог хаягдал авах, цэцгийн үзэсгэлэн худалдаа болон хүнсний ногооны үр олгох, мод бутны суулгац, тарьц худалдах, эрүүл мэндийн явуулын цэг арилжааны банкны “Ногоон зээл”-ийн мэдээллийн цэг, татварын үйлчилгээ, хүүхдийн зуны зуслангийн мэдээллийн цэг ажиллуулж иргэдэд мэдээлэл өгсөн байна.

Холбоотой мэдээ