Төрийн ордонд нэвтрэх журмыг өөрчлөх саналыг Ерөнхий сайдад хүргүүлэв

Монголын мэдээ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-05-19 13:26:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, М.Оюунчимэг, Х.Булгантуяа, Н.Учрал, Э.Бат-Амгалан, Г.Дамдинням, Т.Доржханд, Э.Батшугар, Д.Ганбат, С.Одонтуяа нар Төрийн ордонд нэвтрэх журамд өөрчлөлт оруулах саналыг Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлсэн талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.


УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар мэдээллийн эхэнд, иргэдийг хувцаслалтаар ялгаварлан гадуурхах нь ардчилсан нийгэмд хүний эрхийн ноцтой зөрчил гэдгийг тодотгоод Төрийн ордонтой танилцах, сонгогч нар гишүүдтэй уулзах үед тавих журмуудад өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатайг онцоллоо.


“Журамд өөрчлөлт оруулах санал хүргүүлэх тухай” уг албан бичиг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Тагнуулын ерөнхий газрын дарга нарын 2008 оны 09 дүгээр сарын 17-ны хамтарсан тушаалаар баталсан журамд заасан Төрийн ордонд нэвтрэх иргэдийн хувцаслалтад тавих шаардлага нь төрийн байгууллагаар чөлөөтэй үйлчлүүлэх эрхийг зөрчиж байгаагаас гадна олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна. Иймд дээрх журамд өөрчлөлт оруулах саналыг хүргүүлж байгааг дурдсан байлаа.


УИХ-ын нэр бүхий гишүүд уг журмын 3.18 дахь заалтад нэр заасан хамгаалалт, үйлчилгээний болон цэрэг, цагдаагийн ажилтнууд гэсэн хэсэгт “төрийн албан хаагч” гэж нэмэх, биеийн тамирын хувцас пүүзийг, чөлөөт амралтын хувцас гэдэгт жинсэн өмд, сандаал богино ханцуйтай цамц зэргийг хамааруулахгүй байхаар өөрчлөхөөр саналд тусгажээ.

Холбоотой мэдээ