Швед, Финланд улсуудыг НАТО-д элсэхийг АНУ дэмжиж байна

ДЭЛХИЙД | Улс төр
ankhbayar.abr@yahoo.com
2022-05-19 14:52:27

ВАШИНГТОН. /AFP/. АНУ-ын зүгээс Швед, Финланд улсуудыг НАТО-д элсэхийг дэмжиж байгаагаа лхагва гарагт илэрхийлж, Турк улсыг уг үйл явдалд саад болохгүй байхыг уриалсан байна.


Швед, Финланд улсууд НАТО-д элсэх өргөдөл гаргаснаас хэдхэн цагийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден уг үйл явдлыг сайшаан хүлээн авч, үйл явцыг хурдлуулахын тулд НАТО-гийн гишүүн орнууд болон АНУ-ын Конгресстой хамтран ажиллана гэж мэдэгдэв.


Ж.Байден хэлэхдээ, “би энэхүү түүхэн үйл явдлыг тууштай дэмжиж байгаа бөгөөд талархан хүлээн авч байна. Швед, Финланд улсууд нь АНУ-ын урт хугацааны, тууштай түншүүд” гэжээ.


Мөн ОХУ-аас Швед, Финланд улсуудад аюул занал ирсэн тохиолдолд АНУ дэмжлэг үзүүлэхээ амлав.


НАТО-гийн гишүүн Турк улс Швед, Финланд улсуудыг НАТО-д элсэх хүсэлтийг эсэргүүцэж, дээрх хоёр улсыг тэр дундаа Швед улсыг Туркийн нутаг дэвсгэрт сүүлийн хэдэн арван жилийн турш цуст бослого хөдөлгөөн өрнүүлсэн Курдын Ажилчны намыг дэмждэг гэж буруутгаж байна.


Турк, Европын холбоо, АНУ зэрэг нь Курдын Ажилчны намыг террорист байгууллагын жагсаалтад оруулсан байдаг.   

Холбоотой мэдээ