Өнөөдөр “Дэлхийн хэмжил зүйн өдөр” тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2022-05-20 08:47:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн хэмжил зүйн өдрийг 1875 оны 5 дугаар сарын 20-нд Метрийн хэлэлцээрийг баталсан өдрийг тохиолдуулан тэмдэглэдэг билээ.


Метрийн хэлэлцээр нь метрийн систем дээр үндэслэсэн хэмжигдэхүүний нэгжийн нэгдмэл байдлыг хангах шинжлэх ухааны ололт, инновац, олон улсын худалдаа, үйлдвэрлэлийг өргөжүүлэх, мөн хүрээлэн буй орчныг хамгаалах, амьдралын чанарыг сайжруулах нөхцлийг бүрдүүлсэн чухал ач холбогдолтой үйл явдал болсон юм.


Анх 1875 оны 5 дугаар сарын 20-нд "Метрийн хэлэлцээр"-ийг 17 улс, орон нэгдэн баталсан түүхтэй. 2020 онд дэлхийн хэмжил зүйн өдрийг “Дэлхийн худалдаан дахь хэмжил” уриан дор тэмдэглэж байв. Олон улсын худалдаа, стандарт, техникийн зохицуулалтад нийцсэн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал нь хэрэглэгчийн сэтгэл ханамжид хэмжил зүй чухал  үүрэгтэй болохыг онцлон мэдүүлэх зорилгоор энэ сэдвийг сонгосон байна.


Харин өнгөрсөн жилийн хувьд "Эрүүл мэндийн салбар дахь хэмжил" уриан дор дэлхийн өнцөг булан бүрт тэмдэглэн өнгөрүүлж байна.


Дэлхийн өнцөг булан бүрт Үндэсний хэмжил зүйн хүрээлэнгүүд хэмжлийн шинэ техникийг шаардлагатай нарийвчлалын түвшинд бий болгож, хэмжил зүйн шинжлэх ухааныг  хөгжүүлж байна. Үндэсний хэмжил зүйн хүрээлэнгүүд Олон улсын жин хэмжүүрийн товчооноос зохион байгуулах харьцуулалтад оролцон хэмжлийн үр дүнгийн найдвартай байдлыг хангадаг байна.


Олон улсын хууль эрхийн хэмжил зүйн байгуулага /OIML/-аас олон салбарын шаардлагуудыг уялдуулан зохицуулах зорилгоор зөвлөмжийн стандартыг боловсруулж байна. Түүнчлэн ОУХЭХЗБ /OIML/-аас  техникийн зохицуулалтад нийцсэн  хэмжих хэрэгслийн үйлдвэрлэл, худалдааг олон улсад хүлээн зөвшөөрөх тохирлын гэрчилгээ олгох тогтолцоог /OIML-CS/ шинэ шатанд хүргэх, боловсронгуй болгохоор хариуцан ажилладаг.


Энэ хэмжил зүйн тогтолцоо нь өнөөдөр олон улсын хэмжээнд худалдаа явуулахад шаардагдах үнэн зөв, найдвартай хэмжлийн үндэсийг хангадаг төдийгүй ирээдүйн сорилтод бэлтгэхэд чухал хувь нэмэр болно.




Олон улсын хууль эрхийн   хэмжил зүйн байгууллага-OIML


Олон улсын хууль эрхийн хэмжил зүйн байгууллага нь 1955 онд байгуулагдсан. OIML нь түүний удирдах байгуулага болох Олон улсын хууль эрхийн хэмжил зүйн товчоотой хамтран зохицуулалт, дүрэм журмын уялдааг ханган ажилладаг.  Байгуулагдсан цагаас эхлэн үндэсний хэмжил зүйн үйлчилгээ, хэмжил зүйн хяналт, түүнд хамаарах байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах баримт бичиг, техникийн зохицуулалтыг боловсруулсаар ирсэн.


Олон улсын жин хэмжүүрийн товчоо- BIPM


1875 оны Метрийн хэлэлцээрээр Олон улсын жин хэмжүүрийн товчоо /BIPM/-г байгуулан анх удаа олон улсын хэмжээнд хэмжил зүйн хамтын ажиллагаа эхэлсэн түүхтэй. BIPM нь бидний амьдралын бүх талууд ялангуяа худалдаа, үйлдвэрлэл дэх дэлхий нийтийн хэмжлийн нэгдмэл байдлыг хангах үндэс суурь болсон нь эдүгээ 21 дүгээр зууны томоохон сорилт болох уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэнд, энергийн асуудлыг шийдвэрлэхэд амин чухал хэвээр байна. BIPM нь физик ба химийн хэмжигдэхүүний судалгаа шинжилгээг хамгийн өндөр түвшинд гүйцэтгэж байна. BIPM нь олон улсын нэгжийн СИ системийн тодорхойлолтод нийцсэн эталоныг итгэмжлэгдсэн лаборатори, үйлдвэрлэлд дамжуулах үүрэгтэй үндэсний хэмжил зүйн хүрээлэнгүүдийг холбох, харьцуулатыг зохицуулах, хүлээн зөвшөөрөх асуудлыг хариуцан ажилладаг.

Холбоотой мэдээ