Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг тогтвортой хэвээр баталгаажууллаа

Монголын мэдээ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-05-20 09:02:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын "Фитч" агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснийг зарлав. Тус байгууллагын дүгнэлтээр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал дараах үндэслэлээр тогтвортой байгаа гэдгийг хэвлэлийн мэдээлэлд тэмдэглэжээ. Үүнд:

Монгол Улсын засаглалын үзүүлэлтүүд, нэг хүнд ногдох орлого нь “В” түвшинтэй бусад орнуудтай харьцуулахад өндөр байна. Мөн дунд хугацаанд эдийн засгийн өсөлт таатай төлөвтэй байна.

Ойрын хугацаанд эдийн засгийн өсөлт тогтвортой хэвээр байна: Ковидын цар тахлын эсрэг вакцинжуулалтын түвшин нэмэгдэж, экспортын түүхий эдийн үнэ өсөж, хил дахин нээгдсэн ч "Фитч" агентлаг нь Монгол Улсын энэ оны бодит эдийн засгийн өсөлтийг 1.2 хувь гэж таамаглаж байна. Учир нь БНХАУ-ын “Динамик тэг ковид” бодлогын нөлөөгөөр хилийн боомтууд бүрэн нээгдээгүй байгаа. Энэ нь Монгол Улсын нүүрсний экспорт болон бусад барааны худалдааг тасалдуулж байна. "Фитч"агентлагаас 2023 онд хил дээрх худалдааны тасалдал багасна гэж хүлээж байна.

Дунд хугацааны өсөлтийн таатай төлөв: Гадаад худалдааны тасалдал, Украин дахь нөхцөл байдлын улмаас үүссэн сөрөг нөлөө буурч, экспортын гол түүхий эдийг худалдан авах БНХАУ-ын эрэлт тогтвортой хэвээр байх тул Фитч”-ээс Монгол Улсын ДНБ-ийн өсөлтийг 2023 онд 6.3, 2024 онд 6.8 хувь хүртэл өснө гэж төсөөлж байна. Оюутолгойн далд уурхай ашиглалтад орж, хил дээрх дэд бүтцүүд сайжирснаар Монгол Улсын эдийн засагт илүү их үр өгөөж өгөх тул байгалийн баялгийн нөөцөө бүрэн ашиглах боломжтой.

Оюутолгой төслийн бүтээн байгуулалтад гарсан ахиц: Стратегийн ач холбогдол бүхий Оюутолгой төслийн талаар Засгийн газар болон хөрөнгө оруулагч талуудын сүүлд байгуулсан гэрээ нь төслийн саатал, зардлын хэтрэлт, татвараас үүдсэн маргаантай харилцаа намжсан гэдгийг харуулж байна. Энэхүү гэрээ нь гадаадын хөрөнгө оруулагч нарт болон далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхэд эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна.

Улсын төсөв: Төсвийн алдагдлыг 2022 онд ДНБ-ийн 4.4 хувь (В зэрэглэлтэй бусад улсуудын дундаж: 4.7 хувь) болж өснө гэж төсөөлж байна. Цаашид Монгол Улсын эдийн засаг сэргэх хандлагатай байгаа тул төсвийн орлого бүрдүүлэлт эрчимжсэнээр алдагдал 2023 онд 3.7 хувь хүртэл буурна гэж төсөөлөв.

Гадаад валютын нөөцийн төсөөлөл: Фитч”-ээс Монгол Улсын урсгал тэнцлийн алдагдлыг 2022 онд ДНБ-ийн 16.3, гадаад өрийн үлдэгдэл ДНБ-ийн 167 хувьд байна гэж төсөөлөв. Мөн гадаад валютын нөөцийг 2022 оны эцэс гэхэд 3.6 тэрбум ам. доллар байна гэж тооцоолжээ.

 

 

 

Холбоотой мэдээ