Технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг бодлогоор дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-05-20 10:31:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы хуралдаанаар Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.


Төсөл санаачлагчийн танилцуулгыг УИХ-ын М.Оюунчимэг хийлээ. Улсын хэмжээнд тусгай зөвшөөрөлтэй 536 банк бус санхүүгийн байгууллага байгаа бөгөөд давхардсан тоогоор 21 486 хувьцаа эзэмшигчтэй, 308 салбар нэгж, 8 төлөөлөгчийн газар, 3 713 ажилтантайгаар 21 аймаг, 8 дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг. Давхардсан тоогоор 3.3 сая харилцагч, 748.3 мянган зээлдэгчид санхүүгийн үйлчилгээ үзүүлж байна. Салбарын статистик үзүүлэлтүүд нь сүүлийн 5 жилийн хугацаанд эрчимтэй нэмэгдэж нийт харилцагчдын тоо 119 хувиар, зээлдэгчдийн тоо 167.8 хувиар, нийт актив 121.5 хувиар, зээл 166 хувиар өсжээ. Мөн Монгол Улсын санхүүгийн салбарт тэр дундаа банк бус санхүүгийн салбарын хөгжил нь финтек буюу санхүүгийн технологитой салшгүй холбоотойгоор тодорхойлох болсон. Банк бус санхүүгийн байгууллагын салбарт технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ өргөнөөр нэвтэрч байгаатай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооноос энэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлж буй банк бус санхүүгийн байгууллагуудын хөгжлийг бодлогоор дэмжиж байгаа. 2021 оны эхний хагас жилийн байдлаар 22 банк бус санхүүгийн байгууллага дэвшилтэд технологид тулгуурлан аппликэйшн ашиглан зээл олгож байгааг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулгадаа онцлон тэмдэглэв.

Тэрбээр, “Технологид суурилсан санхүүгийн шинэ үйлчилгээ бий болж, салбарын харилцагч үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэхийн хэрээр үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалсан, иргэдэд хүрэх санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, аюулгүй болгох, төрөөс үзүүлж буй тусгай зөвшөөрлийн тоог бууруулах зайлшгүй нөхцөл байдал үүссэн тул уг хуулийн төслийг боловсруулсан” гэлээ.

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаар,

1. ББСБ нь олон талт санхүүгийн үйлчилгээг эрхлэх боломж бүрдэнэ

2. Салбарын оролцогчдыг чадавхжуулж, төрөлжсөн институт болно

3. Финтект суурилсан санхүүгийн үйлчилгээний эрх орчин бий болно

4. Компанийн засаглалын ил тод байдал, мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалт бий болно

5. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх тогтолцоо сайжирна

6. Зохицуулагч байгууллагын эрх үүргийг тодорхой болгож, нэгдсэн хяналт шалгалт хийх эрх орчин бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзэж байгаа юм.

Уг хуулийн төслийг өчигдөр буюу энэ сарын 19-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед ажлын цаг дууссан тул хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалтыг түр хойшлуулсан юм. Ийнхүү өнөөдөр чуулганы эхэнд санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.


Мөн чуулганаар өчиглөр хэлэлцэж эхэлсэн Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төсөл, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дуусгаж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. 

Холбоотой мэдээ