Баян-Өлгий аймаг бусад аймагтай ижил түвшинд халамж авдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-05-20 22:19:45

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг бусад аймагтай харьцуулахад халамж их авдаг, иргэдийн ихэнх нь халамжаар амьдардаг гэдэг нь ташаа мэдээлэл гэж ШУТИС-ийн багш, доктор Б.Ууганбаяр мэдэгдлээ.


Түүний хувьд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны захиалгаар, НҮБ, Олон Улсын шилжих хөдөлгөөний байгууллагын санхүүжилтээр "Баян-Өлгий аймгийн хөгжлийн системийн динамик загвар"-ыг боловсруулах ажлын багийг ахалж ажилласан юм.

Өнөөдөр хөгжлийн системийн динамик загварыг аймгийн удирдлага, хэлтэс агентлагуудын удирдлагуудад танилцуулав.

Энэ үеэр, "Баян-Өлгий аймгийн тухай халамж их авдаг, халамжаар амьдардаг гэсэн буруу ойлголт  олон нийтийн дунд байдаг. Динамик загвар боловсруулах явцад уг асуудлаар судалгаа шинжилгээ хийж үзлээ. Судалгааны явцад хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, тэжээгчээ алдсаны тэтгэмж, ахмад настан, ядуу хүмүүст үзүүлэх тусламж дэмжлэг зэрэг нь бусад аймгийн жишигтэй яг ойролцоо түвшинд байгаа нь тогтоогдсон. Хоёр зүйл илүү байгаа. Тэр нь юу вэ гэхээр, нэгдүгээрт хүн амын өсөлттэй холбоотой хүүхдийн тоо их. Одоо тус аймагт 18 хүртэлх насны 44-45 мянган хүүхэд байна. Хүн амын 40 хувь гэсэн үг. Нийт хүн амын 42,5 хувь нь халамж авдаг гэдэг нь хүүхдийн мөнгөтэй холбоотой. Үүнтэй холбоотой хүүхдийн мөнгө их авч байгаа. Нөгөөх нь төрөх насны эмэгтэйчүүдийн доторх "Алдарт эх"-ийн одонтой эхчүүдийн тоо улсын дунджаас 60 хувиар илүү байна" хэмээн танилцууллаа.

 

Холбоотой мэдээ