Я.Содбаатар: НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал хөрөнгө оруулалт татах том боломж

Монголын мэдээ | Байгаль орчин
ariunbold@montsame.gov.mn
2022-05-23 12:08:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар Монгол Улсад зохион байгуулснаар байгал орчны доройтол, цөлжилттэй тэмцэхэд хөрөнгө оруулалт татах, шинэ технологи нэвтрүүлэх том боломж гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар мэдээлэв.


Тодруулбал, НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 15 дугаар бага хурлын дээд хэмжээний уулзалт Бүгд Найрамдах Кот Д’Ивуар Улсын Абиджан хотноо энэ дугаар сарын 9-11-нд болсон. Энэ үеэр 17 дугаар бага хурлыг анх удаа Монгол Улсад зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.


Уг шийдвэрийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ-наас Төрийн ордонд хэвлэлийн хурал хийсэн юм. Энэ үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, “21 дүгээр зуунд цөлжил хүн төрлөхтний өмнө тулгамдсан хамгийн том асуудал гэдгийг 15 дугаар хуралд оролцогчид санал нэгдлээ. Ялангуяа Антрактидаас бусад бүх тивд цөлжилт бий болж байна. Цөлжилттэй тэмцэх үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар олон улсын хурал, дугуй ширээний уулзалт гээд бүх уулзалтын үеэр нарийвчлан танилцуулсан. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь зөвхөн мод тарьж ургуулах асуудал биш. Энэ бол цаад агуулгаарааа хөрсний доройтол, цөлжилтийн эсрэг тэмцэж буй том ажил юм. Тэгэхээр энэ бол зөвхөн Монгол Улсын бус бүс нутгийн том ажил гэдгийг 15 дугаар бага хурлын үеэр улс орны төлөөлөгчид онцолж байлаа” хэмээв.


Энэхүү хурлыг Монголд зохион байгуулснаар нэгдүгэээрт эх орноо олон улсад сурталчилан таниулахад чухал нөлөөтэй. Мөн Монголын цөлжилттэй тэмцэж буй бодлого, ажлыг олон улсад таниулж, өнөөгийн нөхцөл байдлаа танилцуулснаар байгаль орчны доройтол, цөлжилттэй тэмцэхэд хөрөнгө оруулалт татах, шинэ тоног төхөөрөмж нэвтрүүлэх том боломж гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар мэдээлсэн юм. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцод нийт 196 орон нэгдсэн бөгөөд 15 дугаар бага хуралд 189 орны 7000 гаруй төлөөлөгч оролцсон байна. Харин 2026 онд Монгол Улсад үүнээс олон төлөөлөгч оролцох магадлалтай байгаа бөгөөд аялал жуулчлалыг ч хөгжүүлэх боломж бүрдэнэ гэдгийг мөн онцоллоо.


Харин 16 дугаар бага хурал 2024 онд Саудын Арабын Хаант Улсын Рияд хотноо болно.

Холбоотой мэдээ