Швед улстай сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв

Монголын мэдээ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-05-23 16:29:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шведийн Хаант Улсын парламент буюу Риксдагийн Тэргүүн дэд дарга хатагтай Оса Линдестам тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна.


Төлөөлөгчдийг Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр өнөөдөр хүлээн авч уулзлаа.


Хоёр улсын харилцааг ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хуулийн засаглал зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан өргөжүүлэн хөгжүүлэхийг эрмэлздэг хэмээн Байнгын хорооны дарга Б.Баттөмөр уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр, "Бид Шведийн хөрөнгө оруулалтыг татах, сэргээгдэх эрчим хүч, ногоон хөгжил, байгаль орчны хамгаалал, уур амьсгалын өөрчлөлт, боловсрол, шинжлэх ухааны салбарт илүү өргөн хүрээнд хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хүрээлэн буй орчныг хамгаалахад хувь нэмэр оруулах зорилгоор Стокхолм хотноо ирэх сарын 2-3-нд болох “Стокгольм+50” олон улсын бага хуралд бид чухал ач холбогдол өгч байгаа. Тус хуралд Монгол Улсыг төлөөлж БОАЖЯ-ны албаны хүмүүс оролцоно. Манай улс энэ үеэр  “Биологийн төрөл зүйл, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар авах яаралтай арга хэмжээ: Байгальд суурилсан ирээдүйтэй шийдэл болох тал хээр, бэлчээрийн нөхөн сэргээлт” сэдэвт тусгай хурлыг НҮБ-ын ХХААБ, НҮБ-ын БОХ зэрэг байгууллагатай хамтран зохион байгуулахаар ажиллаж байна" гэв. Мөн 2022 онд Монгол Улс НҮБ-ын олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд “Энхийг сахиулах ажиллагаан дахь эмэгтэйчүүдийн оролцоонд тулгарч буй сорил, бэрхшээл, сайн туршлага” сэдвээр олон улсын бага хурлыг Улаанбаатар хотод 2022 оны зургаадугаар сарын 16-18-нд зохион байгуулна. Бага хуралд Шведийн тал төлөөлөгчөө оролцуулах шийдвэр гаргасанд талархал илэрхийлэв.   


Риксдагийн Тэргүүн дэд дарга хатагтай Оса Линдестам Байнгын хорооны даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Монгол Улсад айлчлахыг зорьж байсан нь өнөөдөр биеллээ олж байгаад баяртай байна гэв. Монголын парламентын төлөөлөгчид 2009 онд Швед Улсад айлчлах үеэр талууд ардчилал, хүйсийн тэгш байдлыг хангах талаар санал солилцож байсан. Өнөөдөр Улсын Их Хурал дахь Эмэгтэй гишүүдийн бүлгийн төлөөлөл болон Байнгын хорооны даргатай энэ асуудлаар, мөн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцох хүсэлтэй байна. Манай улсад ардчилал үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Хэдий 100 жил өнгөрсөн ч гэсэн манайд ардчиллын үйл явц өрнөсөөр, бэрхшээлтэй тулгарсаар байна гэв.


Талууд хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ