Оюутнуудын 60-70 хувь нь мэргэжлээ буруу сонгосон судалгаа гарчээ

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2022-05-23 17:36:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас 6 дахь жилдээ зохион байгуулж буй “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяны нээлт Соёлын төв өргөөнд өнөөдөр боллоо.


Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, улсын хэмжээнд 2022 оны  нэгдүгээр улирлын байдлаар 15-24 насны 61.7 мянган залуучууд ямар нэгэн боловсрол эзэмшээгүй, сургалтад хамрагдаагүй, мөн цалин орлого олох хөдөлмөр эрхлээгүй байна.

Хөдөлмөр эрхлээгүй, сургалтад хамрагдаагүй эдгээр насны залуучуудын 98.5 хувь нь боловсролтой, үүнээс 48.3 хувь нь мэргэжил эзэмших түвшний боловсролтой байна. Тухайлбал, 19.3 хувь нь дээд боловсролтой, 28.9 хувь нь техникийн болон мэргэжлийн, тусгай мэргэжлийн дунд боловсролтой залуучууд байна. Харин бүрэн дунд боловсролтой залуучууд 39.0 хувь нь байна.


Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж: Монгол Улсад жилд 40 мянга орчим оюутан их, дээд сургууль төгсдөгөөс 28.5 хувь нь буюу 10 мянга нь албан бусаар ажлын байранд очдог. Үүний 70 орчим хувь нь нийгмийн ухааны чиглэлээр төгсдөг. Үйлдвэр аж ахуй, инженер техникийн ажил хийх мэргэшсэн боловсон хүчин сул байдаг гэсэн үг. Түүнчлэн 50 гаруй хувь нь банк санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр төгсөж байгаа. Нэг оюутан их, дээд сургууль төгсөөд ажилд ортлоо дунджаар  2.7 жилийг ажилгүй өнгөрүүлж буй тооцоо судалгаа бий. Ажиллах хүчний хомсдол, ажлын байранд очиж буй хүмүүсийн хоорондын уялдаа холбоо авцалдахгүй байгаа учраас энэхүү аяныг 2007 оноос зохион байгуулж байна.

Мэргэжил сонгоход хэд хэдэн асуудал гардаг. Эцэг эх, хүүхдүүдийн дунд улсын сургуульд суралцах ёстой, аав нь эмч учраас эмч болох ёстой гэсэн гэр бүлийн асуудал гардаг. Мөн сургалтын төлбөр мөнгөтэй асуудал тулгамддаг. Их, дээд сургуульд элсэж буй оюутнуудын хувьд нийгмийн ухааны  салбараас илүүтэй инженер техникийн салбарын ажилтан болох нь чухал болоод байна” гэв.


Монголын цахим интститутын зөвлөх Л.Алтансүх, "Монгол Улсын хамгийн том асуудал нь ажилгүйдэл, ядуурал байгаа. Их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудын 60-70 хувь нь мэргэжлээ буруу сонгосон судалгаа бий. Тиймээс мэргэжлээ буруу сонгосон оюутнууд сурч чадахгүй байгаа юм. Үүний шалтгаан нь хувь хүн төрөлх өгөгдлөө мэдэхгүй байна. Монголын цахим институт  өөрийгөө танин мэдэх, өөрийн сонирхол ур чадварт бүрэн нйицсэн мэргэжлээ олохыг хүсч байгаа хүн бүрт зориулан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, шинжлэх ухааны үндэслэлтэй арга, аргачлалаар оношилгоо хийж, мэргэжлийн сэтгэл зүйч, ажил мэргэжлийн зөвлөхүүдээс бүрдсэн баг зөвлөн туслах, чиглүүлэх үйлчилгээг үзүүлж байгаа” гэв.

Аяны хүрээнд мэргэжлийн байгууллагуудын зөвлөхүүдтэй хамтран ахлах ангийн сурагчдад мэргэжил сонголтыг ганцаарчилсан болон бүлгийн мэдээлэл зөвлөгөө өгч, ирээдүйд эрэлттэй ажил мэргэжлүүд, хувь хүнээс шаардах чадамжууд, хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал зэрэг сонирхолтой судалгаа танилцуулж, ажил мэргэжлээ зөв сонгох  үнэлгээ, зөвлөгөө, мэдээлэл хүргэдэг.

Түүнчлэн 21 аймаг, 9 дүүрэг, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Залуучуудын хөгжлийн төвүүдээр дамжуулан сурагчдад мэргэжил сонголтын талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх юм.

Аяны нээлтэд нийслэлийн Хан-Уул, Чингэлтэй дүүргийн ахлах ангийн 800 гаруй сурагч оролцов. 


Холбоотой мэдээ