Н.Мандуул: Эхний ээлжид бондын төлбөрийн 50-100 сая ам. долларыг хаагаад явна

Монголын мэдээ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-05-24 09:15:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд ярилцлага өглөө. Тэрбээр, Хөгжлийн банкны энэ онцлог цаг үед захирлаар нь ажиллаж буй хүний хувьд нийтэд тодорхой үнэн, зөв мэдээлэл өгч, байр сууриа илэрхийлж байгааг тодотгож байна.

-Таныг энэ албан тушаалд ирэхэд банкны зээл хэдий хэмжээтэй байв?

-Анх амаргүй ажил, шинэ сорилт гэж ойлгож байсан ч 1.8 их наяд төгрөгийн чанаргүй зээлтэй гэдгийг нь ажлаа аваад л мэдсэнҮүний өмнө Монголбанк бүх активын чанар дээр нь шалгалт хийж үзээд өнгөрсөн оны эцсээр л өнөөгийн нөхцөл ил болсон. 

-Одоо нөхцөл байдал яаж өөрчлөгдөж байна?

-Өнөөдрийн байдлаар 220 тэрбумын зээл төлөгдөөд байна. Улс төрийн илт нөлөөлөл орсон гэж сэжиглэхүйц, олон тэрбумын зээлийг өмнөх удирдлагууд ч бас төлүүлэх гээд янз янзаар л оролдож үзсэн юм билээ. Гэсэн ч хүч, итгэл, дэмжлэг дутаад байсан юм болов уу. Өчнөөн бонд гаргасан, гэвч бондын төлбөр гүйцэтгэгч  банк нь том нүхэнд унасан. Асуудал болохоо байлаа гэдгийг Засгийн газрын түвшинд хандаж танилцуулж байсан. Засгийн газраас бол манайхыг бүх талаар дэмжиж ажиллана, бүх юмаа дэлгэж үзүүл, муу нуухаар сайн илчил гэсэн чиглэлд хамтарч ажиллахаар санал нэгдсэн юм




Хэрэв Хөгжлийн банк зээлийн өрөө төлүүлж чадахгүй бол хүлээгдэж буй бондын төлбөр явж явж Засгийн газар дээр бууна. Улс төрийн дэмжлэг гэдэг их том зүйл байдаг юм байна. Үүнээс хойш их ч олон зүйл хөдөлгөөнд орлоо. Нөгөө зээлээ төлөх байтугай сураглаад олддоггүй байсан зээлдэгч нар хүртэл бүгд ирж уулзаад хэзээ, яаж төлөх үү гэсэн янз бүрийн санал хүртэл тавьж байна. Зарим нь болохгүй санал ч байна, болж байгаа нь ч байна. Азаар улс төрийн хувьд би аль нэг тал биш, урдах ажлаа хийж явсан, хэн нэгэнтэй хамааралгүй хүн. Тийм ч учраас надад энэ албыг өгсөн байх.



Төрийн өмчит компанийн өрийг төсвөөс төлөхгүй гэсэн хатуу зарчим барьж байна.



-Зээлдэгч нар янз бүр байх шиг байна. Жишээ нь, жинхэнэ үйлдвэрлэл явуулж буй томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй компаниуд ханшаас үүдэлтэй алдагдал хүлээж байна гэдэг. Ийм байдлыг яах вэ?

-Уян хатан байх аргагүй нөхцөл үүссэн. Тиймээс бид маш энгийн зарчим барьж байгаа. Эхлээд хамгийн наад зах нь зээлээ зориулалтын дагуу зарцуулсан байх ёстой. Хоёрдугаарт, төсөл нь хэрэгжээд явж байх ёстой. Макро шокуудаас шалтгаалж хүндрэлд орсон бол Хөгжлийн банк бас тэрэн дээр нь арга зам цуг эрэлхийлээд ярилцах ёстой. Яахав өмнө нь зээлээ олгоод, тэр зээл яг зориулалтаар явж байна уу гэдгийг хөөцөлдөх арга функц жаахан дутагдсан байх магадлалтай. Улс оронд үнэхээр хэрэгтэй, хөгжлийн төслүүд бий. Жишээ нь, цемент дээр 3-4 төсөл ямартай ч зарчмын хоёр шаардлагаа хангаад явж байгаа.

Гэвч үнэндээ ийм шаардлагаа хангах зээл нь маш цөөн байна. Энэ талын асуултыг өөр газраас асуух хэрэгтэй байх. Одоо бид яаж байна гэхээр олгосон мөнгө үнэхээр зориулалтын дагуу байсан эсэхийг нотлох баримтаа өг гэсэн шаардлага тавиад эхнээсээ явж байна. Зарим нь шаардлага хангаж байна, зарим хэсэг нь зээлийн авсан дүнгийнхээ 30 хувийг ч нотлож чадахгүй байх жишээнийТиймээс бид АТГ-ын хүсэлтээр бүх зээлийн материалаа тийш шилжүүлсэн. Яг үнэхээр зориулалтын дагуу юм уу эсвэл өөр тийшээ казинод тоглосон уу ч гэдэг юм уу иймэрхүү зүйлийг бол хууль хяналтын байгууллага тогтоох ёстой.

-Бондын төлөлт дээр?

-Хөгжлийн банк ирэх сарын 30-нд хагас жилийн, 12 дугаар сарын 31-нд жилийн тайлангаа гаргана. Чанаргүй зээлийг шийдэх дээр том ахиц гаргахгүй бол олон улсын аудитууд манай талаар таагүй дүгнэлт хийнэ, тэр нь гадагш гаргана. Нэгэнт монголчууд бондын төлөлт дээр ийм асуудалтай явж байна гэдэг эхний дохио мессэж гадагшаа цацагдаад эхэлбэл төлөлтүүд хугацаанаасаа өмнө нэхэгдэж болзошгүй. Ар араасаа муу мэдээ хөврөөд явчна гэсэн үг. Энэ тал дээр бид хувийн хэвшилтэйгээ хамт зээлээ төлүүлээд эхнээсээ эерэг дохио уг нь харуулаад явж байна. 

Гэтэл нийт мөнгөний гуравны нэгийг эзэлээд байгаа төрийн өмчит компаниудын зээлийг яах вэ гэдэг асуудал гарцаагүй сөхөгдөнө. Ямартай ч төрийн өмчит компанийн өрийг төсвөөс төлөхгүй гэсэн хатуу зарчим барьж, бүгд тал талд ажиллаж санаа шийдэл хэлэлцэж байна. Уг нь төрийн өмчит компани дээр хөрөнгүүд бол байгаад байдаг. Энэ хөрөнгийг зөв зүйтэй замаар зах зээлийн эргэлтэд нь оруулах тийм л гаргалгаа шийдлийг хамгийн түрүүнд хэлэлцэж байна. Сангийн яамнаас тун удахгүй Засгийн газарт оруулж хэлэлцүүлэх байх.




-Төрд хамаарсан өр төлбөрийг цэгцэлбэл бондоо санхүүжүүлэх боломжтой уу?

-Ирэх жил хоёр ч том бондыг эргэн төлөх ёстой. Засгийн газрын баталгаатай Самурай бондын эргэн төлөлтийг нь цаг алдалгүй хийе гэсэн чиглэлд эх үүсвэрээ бид бэлдээд явж байна. Нөгөө талдаа бонд эзэмшигч, хөрөнгө оруулагч нартай хэлэлцээ хийгээд эхэлсэн. Цааш нь хөрөнгө оруулагчтай нэг бүрчлэн хэлэлцээр хийж уулзана. Магадгүй нэг дор бүх төлөлт хийгдэхгүй. Болсон, зөвшөөрсөн хоёр талаасаа шат дараалан хаагаад явна гэсэн үг. 30 тэрбум иен бол одоогийн ханшаар 240-250 сая ам.доллар байлаа гэхэд эхний ээлжид 50-100 сая ам. долларыг хаагаад явна. Засгийн газрын баталгаагүй бондын эргэн төлөлтийг зах зээлийн зарчмаар нь эргэн төлөлт, дахин санхүүжилтийг уялдуулан хийх боломжтой.

Засгийн газрын баталгаатай бондыг 2013 онд Хөгжлийн банк гаргасан. Хэрвээ Хөгжлийн банк эргэн төлөлтөө хийж чадахгүй бол батлан даагч буюу Засгийн газар үүнийг төлөх гэрээний заалттай. Уг нь анх Хөгжлийн банкийг байгуулсан зорилго бол манайхаас олгосон энэ их хөгжлийн зээлүүд үр шимээ өгөөд, эргэн төлөлт нь хийгдээд, дараагийн төслүүдээ санхүүжүүлээд, гадаадад гаргасан бондуудаа төлөөд явж байх учиртай. Даан ч тэгэж ирсэнгүй. 

Холбоотой мэдээ