Монголын дүрслэх урлагт тод мөрөө үлдээсэн гурван зураачийн бүтээлийг дэлгэнэ

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2022-05-24 15:20:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 1971-1977 онд И.Е.Репиний нэрэмжит Уран зураг, Уран баримал, Архитектурын академийн төгсөгч, Монголын реалист уран зургийн нэрт төлөөлөгчид болох Монгол Улсын Төрийн шагналт зураач Б.Пүрэвсүх, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Ё.Өлзийхутаг, зураач С.Элбэгдорж нарын “Репиний академийн шадар 3” тусгай үзэсгэлэнгийн нээлт маргааш болно. Энэ тухай үзэсгэлэнг зохион байгуулагчид хэвлэлийн хурал хийлээ.


Үзэсгэлэнг Монгол арт галерейгаас санаачлан Монголын урчуудын эвлэлийн 80 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буйгаараа онцлогтой.

Тус галерейн гүйцэтгэх захирал П.Батжав хэлэхдээ, “Монголын дүрслэх урлагт тод мөрөө үлдээсэн авьяаслаг гурван зураач 1964 онд Дүрслэх урлагийн дунд сургуульд Ардын зураач, Төрийн хошой шагналт О.Цэвэгжав, Ардын зураач Д.Амгалан, Б.Чогсом нараар зургийн анхны боловсрол заалган,  1971-1977 онд тухайн үеийн ЗХУ-ын И.Е.Репиний нэрэмжит уран зургийн академид суурь уран зургийн боловсрол эзэмшсэн.

Тэдний нэг Монгол Улсын Төрийн шагналт Б.Пүрэвсүх зураачийг монголын ард түмэн “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны ерөнхий зураач гэдгээр нь мэднэ. МУЭ-ийн нэрэмжит шагналт, зураач Ё.Өлзийхутаг хөрөг зургийн мастер, С.Элбэгдорж зураач дүрслэх урлагийн дунд сургуульд 1977 оноос багшилж олон зураач бэлтгэсэн багш хүн юм.


Энэхүү үзэсгэлэнг бид жилийн өмнөөс зураачдын гэр бүл, уран зураг цуглуулагчид, урлаг судлаачидтай холбогдон, тэдний тухай холбогдох материалаа цуглуулж эхэлсэн. Монгол арт галерейн үзэсгэлэнгийн менежер, зураач Б.Болортуяа “Уран зурагт дурлагсад цахим хуудсаар зураачдын цахим санг бүрдүүлэхээс гадна судалгааны ажлынхаа сэдвийг Ё.Өлзийхутаг зураачийн намтар уран бүтээлийг сонгон судалж байгаа нь энэхүү ажилд тус нэмрээ өгч байна. Мөн С.Элбэгдорж зураачийн гэргий, хэл бичгийн ухааны доктор Ц.Саранцацралт эгчийн тусламжтай ОХУ-ын Дүрслэх ухааны академийн эрдэм шинжилгээний архиваас зураачдынхаа ховор материалыг хүлээн авч үзэсгэлэнд толилуулахаар бэлдээд байна” гэв.


Үзэсгэлэнд зураачдын гэр бүлийнхэн болон уран зураг цуглуулагч нарын сан хөмрөгт хадгалж буй ховор, дахин давтагдашгүй сор бүтээлүүд, судалбар, таталбар, усан будаг, тосон будаг, гар бичмэл зэрэг тэдний Монголын уран зурагт үлдээсэн өвийн дээжийг дэлгэх юм.  


Багш, доктор, профессор С.Бадрал, “И.Е.Репиний академийг 1977 онд төгсөж, нэрд гарсан эдгээр зураачид 1980-аад онд Дүрслэх урлагийн дунд сургуульд багшилж Б.Пүрэвсүх багш урлагийн түүх, С.Элбэгдорж багш хар зургийн хичээл заадаг байлаа. Б.Пүрэвсүх багш усан будгийн судалбар зургаараа, С.Элбэгдорж багш таталбар, хар зургийн ажлуудаараа оюутнуудад үлгэрлэдэг байв. И.Е.Репиний академи төгссөн долоон нэртэй уран бүтээлчээс эдгээр гурван зураачийг онцлон үзэсгэлэнг гаргах гэж байна. Эдгээр зураач 1980-аад онд монголын дүрслэх урлагийн салбарт тэргүүнд явж байсан уран бүтээлчид юм. Б.Пүрэвсүх багшийн бүтээлүүдээс “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Мандухай цэцэн хатан” киног монголчууд төдийгүй далхийд мэднэ. С.Элбэгдорж багшийн “Ард Аюуш”, Ц.Дамдинсүрэн гуайн хөрөг монголын дүрслэх урлагт хүндтэй байр эзэлдэг. Ё.Өлзийхутаг зураач Монгол-Зөвлөлтийн найрамдлын болон түүхэн, аж байдлын сэдвээр бүтээлээ туурвисан. Тэдний бүтээлүүд Монголын Уран зургийн галерей, Монголын Үндэсний музей, монголын болон дэлхийн нэртэй зураг цуглуулагчдын сан хөмрөгт хадгалагдаж байдаг” гэв.


Үзэсгэлэн 10 хоног үргэлжлэх бөгөөд энэ сарын 29-нд И.Е.Репиний академийн төгсөгч, зураач Б.Отгонтүвдэнгийн шавь нартай хамтран мастер класс зохион байгуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн 6 дугаар сарын 3-нд урлаг судлаач нартай уулзалт зохион байгуулах аж.


Холбоотой мэдээ