Чех улстай хамтран оюутан солилцоог 20 сарын хугацаатай хэрэгжүүлнэ

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2022-05-25 09:32:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Витопилыг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтаар талууд Боловсрол, шинжлэх ухааны яам, Чех улсын Боловсрол, залуучууд, спортын яам хоорондын хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх ажлуудыг эрчимжүүлэхээр харилцан ярилцав.

Яамд хоорондын хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын төрийн өмчийн дээд боловсролын байгууллагын бакалавр, магистр, докторын түвшинд суралцаж буй оюутан солилцоог 20 сарын хугацаатайгаар хэрэгжүүлэх, монгол хэл, слав судлалын чиглэлээр зуны сургалтад 4 хүртэлх тэтгэлгийг олгоно.

Мөн талууд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Бүгд Найрамдах Чех Улсад суралцуулах боломжийн талаар ярилцав. Энэ хүрээндээ хоёр орны боловсролын яамд хооронд хамтарсан ажлын хэсэг байгуулахаар харилцан тохиролцлоо гэж БШУЯ мэдээлэв.



Холбоотой мэдээ