Авьяасаар гагнагдсан "Репиний академийн шадар 3"-ыг дурсав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2022-05-26 11:15:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын уран зургийн 1970-1980 оны нэрт төлөөлөгч Монгол Улсын төрийн шагналт зураач Батцэндийн Пүрэвсүх, зураач Сэнгэравдангийн Элбэгдорж, МУЭ-ийн шагналт зураач Ёндонгийн Өлзийхутаг нарын дурсгалд зориулсан “Репиний академийн шадар-3” үзэсгэлэнг “Монгол Арт” уран зургийн галерейд өчигдөр нээлээ.




Дээрх уран бүтээлчид нь 1977 онд ЗХУ-ын Ленинград хотын И.Е.Репиний нэрэмжит Уран зураг, уран баримал, уран барилгын академийг төгсөж, эх орондоо ирсэн ч 1980 оны эхэн гэхэд аль хэдийнэ алдартай зураачид болсон, Монголын дүрслэх урлагийн авьяасаараа гагнагдсан, нэг үеийн одууд байлаа. Жишээ нь, нэрт зураач С.Элбэгдорж гэхэд Ц.Дамдинсүрэнгийн хөргөөрөө, Ё.Өлзийхутаг “Талын эзэд” гээд адуучин залуусын тухай бүтээлээрээ, Б.Пүрэвсүхийн хувьд түүхэн зургуудаараа алдартай болсон байлаа. Эдгээр уран бүтээлчид Монголын дүрслэх урлагт шинэ салхи сэвэлзүүлж, бүрэн утгаараа маш том хувь нэмэр оруулсан. Тэд гайхамшигтай уран бүтээлээ хийхээс гадна гарын олон шавь бэлтгэж ирснийг судлаачид онцолдог. 






Үзэсгэлэнг Монгол Улсын төрийн шагналт зураач Б.Пүрэвсүхийн охин, “Монгол Арт” галерейн захирал П.Батжав нээж хэлэхдээ, "Аавынхаа ажиллаж байсан салбарт хүчин зүтгэж буй бидний хувьд өнөөдөр сайхан мөч тохиож байна. Энэ хүртэл хамтран ирсэн бусад зураачдын гэр бүл, уран зураг цуглуулагч нар, бүх хүнд талархал илэрхийлье" гээд 2019 онд байгуулагдсан “Монгол Арт” галерей өнгөрсөн хугацаанд Монголын 200 гаруй зураач, уран бүтээлчийн бие даасан болон хамтарсан үзэсгэлэнг гаргаад буйг танилцууллаа. 





“Мандухай сэцэн хатан” киноны ерөнхий зураач, Монгол Улсын төрийн шагналт зураач Б.Пүрэвсүхийн анхны шавь Д.Эрдэнэбилэг, "Энэхүү үзэсгэлэн зураач уран бүтээлч бидний хувьд том, сайхан үзэсгэлэн болж байна. Үзэгчдийн хувьд ч тэр ойрд урлагийн ийм том үйл ажиллагаа болоогүй байх. Хамгийн гол нь багшийн маань үзэсгэлэн гарч бүтээлүүд нь сэргэж буйд туйлын баяртай байна. Урьд хожид хараагүй гоё зургууд тавигдсан байна. Цаг хугацаа их явсныг мэдэрлээ. Гэр бүлд нь байсан, хураасан зургуудыг хараад багштайгаа дахин уулзсан мэт болж байна.




Тэр үеийн зураачдаас энд 4 ахмад ирсэн байна. Энэ зураачдын бүтээлүүдэд нэмээд нийлээд үзэсгэлэн гаргавал маш гоё цогц бүтээл болно. Багшийнхаа юуг мэдэрч байсан вэ гэвэл багшийн маань бүтээл өнгө, зохиомжоороо гайхамшигтай. Бүтээлдээ хандаж буй сэтгэл нь агуу. Бид анх багш дээрээ очиход нов ногоон, цав цагаан цаас байлаа. Багш маань төгсөөд ирснийг хэлэх үү их эрч хүчтэй, түүнийг нь мэдэрдэг байсан. Яг тэр үед нь шавь болж сурснаараа бид их азтай. Хүний хувьд ч тэр их зөөлөн сайхан хүн байсан. Бид чинь багшийн гар дээр 2 жил байж байгаад ийш тийш явсан хүмүүс. Би Москвагийн Уран зургийн академид яваад төгссөн. Багш маань бидний дипломын ажлыг хариуцаж байсан" гэв.






 Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн хэлэхдээ, "Цаг хугацаа өнгөрч, өөрчлөгдөж байсан ч тухайн үедээ манай нэрт зураачдын маань бүтээсэн уран бүтээлүүд улам үнэ цэнтэй болж, үнэн бодит амьдралыг өгүүлэн хадгалж дурсагдан үлджээ. Үүгээрээ дүрслэх урлаг ховор үнэ цэнийг агуулж байдаг. Үүний нэг жишээ нь нэг сургуульд, нэг өрөөнд амьдран уран бүтээлээ туурвиж байсан, тэр үеийн манай Монголын гурван сайхан залуу, “Репиний академийн шадар 3” уран бүтээлчдийн маань бүтээл, зургууд болж байна. Дахин “сэргэж” буй энэ ховор бүтээлийн үзэсгэлэнг маш олон хүмүүс үзээсэй" гэв.




Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Төрийн шагналт, Ардын зураач До.Болд, Төрийн шагналт, барималч Ц.Амгалан, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Н.Санчир, барималч Энхтайван нарын нэрт гурван зураачийн үеийн уран бүтээлч нар, тэдэнтэй хамт төгссөн зураач, уран бүтээлчид, нэрт зураачдын гэр бүл, үр хүүхдүүд, төрөл төрөгсөд оролцлоо.

  


Үзэсгэлэнд гурван зураачийн гэр бүлд хадгалагдаж буй уран зургууд болон судалбар таталбар, гар бичмэлүүдийг анх удаа дэлгэжээ. Үзэсгэлэнгийн үеэр ОХУ-аас Репиний уран зургийн академийн удирдлага цахимаар холбогдон мэндчилгээ дэвшүүлж, төгсөгч нартаа болон Монголын нэр зураачдын гэр бүл, уран бүтээлч нарт баяр хүргэсэн юм.





Гэрэл зургуудыг Б.Чадраабал

Холбоотой мэдээ