БНАСАУ лхагва гаргийн туршилтынхаа талаар мэдээлээгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-05-26 10:23:18

ПЁНЬЯН. /Kyodo/. БНАСАУ-ын төрийн мэдлийн хэвлэл лхагва гарагт харвасан баллистик пуужингийн туршилтынхаа талаар пүрэв гаргийн өглөөний байдлаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.


БНСУ-ын Засгийн газрын мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тангараг өргөснөөсөө хойш Азид анхны айлчлалаа хийснээс нэг хоногийн дараа БНАСАУ зүүн эргээсээ гурван пуужин харвасны нэг нь тив алгасах чадалтай байжээ.


БНАСАУ-ын хэвлэл явуулсан зэвсгийн туршилтынхаа талаар ихэвчлан дараагийн өдөр нь мэдээлдэг боловч лхагва гаргийн туршилтаас гадна тавдугаар сарын 4, 7, 12-ны өдрүүдэд харвасан пуужингийнхаа талаар мэдээлээгүй байна.


БНАСАУ-ын зүгээс Ж.Байдены засаг захиргаанд эдийн засгийн хориг арга хэмжээ авах зэрэг “дайсагнасан бодлого” хэрэгжүүлэхээ зогсоохыг уриалж байгаагийн сацуу баллистик пуужингийн туршилтаа үргэлжлүүлж, цөмийн долоо дахь туршилтаа явуулж магадгүй гэдгийг шинжээчид хэлж байна.


Энэ он гарсаар БНАСАУ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчсөн хэд хэдэн туршилт явуулжээ. Тус улсын удирдагч Ким Жөн Ун саяхан мэдэгдэхдээ, улс оронд нь “дайсагнагч хүчнүүд” аюул заналхийлсэн тохиолдолд цөмийн зэвсгүүдээ “өрсөн” хэрэглэхэд бэлэн гэжээ.


Ташрамд дурдахад, БНАСАУ-д өнгөрсөн хоногт 105 500 гаруй хүнд халуурах шинж тэмдэг шинээр илэрснээр 25 сая хүн амтай тус улсад бүртгэгдсэн ийм тохиолдлын тоо дөрөвдүгээр сарын сүүлээс хойш 3.17 сая давжээ.


Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр, лхагва гаргийн 18:00 цаг хүртэлх 24 цагийн хугацаанд халдвараар нас барсан тохиолдол нэмж бүртгэгдээгүй бөгөөд 68 хэвээр байна. Мөн өнөөдрийн байдлаар 271 800 хүн эмчлүүлж байгаа бол 2.89 сая гаруй хүн эдгэрчээ. 

Холбоотой мэдээ