Хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2022-05-26 16:05:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас 2022 оны 4 дүгээр сарын 30-нд УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 


Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, УИХ-sн гишүүн Ж.Батсуурь чуулганы нэгдсэн хуралдаанаар хууль, тогтоолын анхны хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь АН-ын бүлэг дүгнэлт уншсан нь хуулийн төслийг хүчингүй болгох нөхцөл бүрдэх эсэх, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир алдагдалгүй төсөв баталж болох эсэх талаар тодруулжээ.


УИХ-ын Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хариултдаа, УИХ-ын тухай хуулийн 22.12-т Нам, эвслийн бүлэг энэ хуулийн 33.1.1-д заасны дагуу аливаа хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хуралдаанаараа хэлэлцэх эрхтэй ч ийнхүү хэлэлцээгүй нь тухайн асуудлыг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд саад болохгүй гэж заасныг тодотгов. Мөн тэрбээр, төсвөө балансжуулах санал гаргаж чадна. Гэхдээ эхлээд Засгийн газраас алдагдлаа багасгах, өрөө бууруулахыг 2023 оны төсвийн төсөлдөө хэрхэн тусгаж оруулж ирэхийг хараад тэр үед нь төсвөө алдалгүй батлах талаар ярья хэмээжээ.


Ингээд хууль, тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооноос гаргасан танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Өнөрболор нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

Холбоотой мэдээ