Ч.Наранбаатар: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Спорт-Ногоон хөгжлийн төлөө хамтдаа” уриалга гаргасан

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2022-05-26 17:35:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын чуулган болсноос хойш 2 сарын дотор Гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах дүрмийн дагуу VIII чуулганаас сонгогдсон МҮОХ-ны бүх гишүүдийн анхдугаар хурал 5 дугаар сарын 23-нд болсон билээ. Энэ хурлын талаар МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатартай хийсэн ярилцлагаа та бүхэнд толилуулж байна.


-МҮОХ-ны бүх гишүүдийн анхдугаар хурал өнгөрсөн даваа гарагт боллоо. Энэ хурлаар шийдвэрлэсэн асуудлын талаар танилцуулна уу?

 

-Юуны өмнө МОНЦАМЭ агентлаг, танай хамт олон Спорт-олимпизмыг үргэлж дэмжин, сурталчилж, бидэнтэй хамтарч ажиллаж байдагт талархалаа илэрхийлж байна.


Чуулган энэ оны 3 дугаар сарын 28-нд болсон. Энэ чуулганаас Гүйцэтгэх зөвлөлийн шинэ удирдлага, шинэ бүтэц, бүрэлдэхүүнтэй ажиллаж 6 удаа ГЗ-ийн гишүүд хуралдаж олон асуудлыг хэлэлцэн шийдэж, хэрэгжүүлээд байна.

Ингээд Бүх гишүүдийн хурлыг танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулж МҮОХ-ны гишүүнчлэлийн асуудлыг хэлэлцэж, эхний хагас жилийн урьдчилсан тайлангаа тавьж, 2022 оны үйл ажиллагааны төсөв, ажлын төлөвлөгөөг батлаж, мөн МҮОХ-ны дүрмийн зарим зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг 4 асуудлыг авч хэлэлцлээ.


-Асуудал тус бүрээр нь тодруулж ярина уу?

-Бүх гишүүдийн анхдугаар хурал маань ажил хэргийн мэтгэлцээн өрнүүлсэн, зөв уур амьсгалтай, ажил хэрэгч, үр дүнтэй хурал боллоо гэж миний хувьд дүгнэж байгаа. Гишүүнчлэлийн асуудлын хувьд зарим спорт холбоодын хурал болж шинэ удирдлагаа сонгосон. Тухайлбал, Монголын сагсан бөмбөгийн холбоо байна, энэ холбоо нэг цул, нэгдмэл холбоо боллоо. Чөлөөт бөхийн холбоо, Усан спортын холбооны удирдлагууд солигдсон. Эдгээр холбоодоос албан бичиг ирүүлж орох, гарах хөдөлгөөн хийж МҮОХ-ны гишүүнчлэлээ шинэчлэх санал хүсэлтээ гаргасны дагуу өөрчиллөө. Тодруулбал, МСБХ-ны шинэ ерөнхийлөгч Г.Батцэнгэл /“Энержи Ресурс” компанийн захирал/, Э.Анар /Монгол банкны төлбөр тооцооны газрын захирал/, Т.Мөнхсайхан /Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх/, МЧБХ-ны шинэ ерөнхийлөгч Х.Бадамсүрэн /"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал/ Монголын Усан спорт сонирхогчдын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон Б.Бүтэх-Үйлс нарын 5 хүнийг МҮОХ-ны гишүүнээр баталлаа.

Дараагийн асуудал эхний хагас жилийн тайланг МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган танилцуулсан. Бидний хийсэн хамгийн гол ажил гэвэл МҮОХ-ны Чуулган амжилттай боллоо. Мөн он гараад Бээжингийн өвлийн олимпын наадамд амжилттай оролцлоо. Түүнчлэн МҮОХ-ны төсөв, төлөвлөгөөгөө гарган гишүүдийн харлаараа хянуулж батлуулсан. “Олимпын боловсрол, бие бялдарын хүмүүжил” сэдэвт болзолт уралдаан орон даяар явагдаад дуусч байна. БСШУЯ, БТСУХ, МҮОХ, Монголын үндэсний олимпын академитай хамтран зохион байгуулсан энэ үйл ажиллагаанд улсын хэмжээнд 500 гаруй ерөнхий боловсролын сургууль, 400 мянга гаруй хүүхэд, сурагчдыг хамруулан бүх аймаг, орон нутгуудтай гурвалсан гэрээ байгуулан ажилласан маань маш үр дүнтэй боллоо. Одоо 2 хоногийн дараа болзолт уралдааны дүнгээ гаргаж, Зохион байгуулах хороо хурлаа хийнэ. Ингээд 6 дугаар сарын 2-нд МҮОХ-ны Хурлын танхимд үзэсгэлэн гаргана. Мөн 3-ны өдөр БСШУ-ны сайд оролцогч хүүхэд багачуудыг хүлээн авч шагнал урамшуулал гардуулна. Мөн 2022 оны 3 дугаар сард дүрэм журмын дагуу амжилттай болсон VIII чуулганд Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны төлөөлөгч Жером Пуэве ажиглагчаар оролцсон гэдгийг онцлох нь зүйтэй.


-Төлөвлөж хэрэгжүүлж байгаа ажлуудаас онцолж хэлнэ үү?

-Энэ 2022 оны төлөвлөгөөнд нэлээд олон ажил тусгагдаж, төсөвт ч нэлээд асуудал тавигдаж батлагдлаа. Жишээлбэл, удирдлага, зохион байгуулалтанд 10 ажил  төлөвлөсөн байна. Ялангуяа гадаад, дотоодод болох наадмуудад оролцох баг тамирчдын хувцасны асуудал яригдаж, дотоодын түнш байгууллагатай хийх гэрээ байгуулах асуудлыг хөндлөө. Улаанбаатар хотноо 2023 оны 8 дугаар сард Зүүн Азийн залуучуудын наадам болно. Үүнд МҮОХ, БТСУХ, Нийслэлийн ЗДТГ-тай хамтраад зохион байгуулалтын ажил хийгдэж байгаа. Олимпын боловсрол, сургалтын талаар 20 орчим ажил төлөвлөгдсөн. “Бөртэ чоно” ёслол зэрэг олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөгдөөд байна. Олимпын музейг шинэчлэн зохион байгуулах, Олимпын Номын сантай болох, мөн олимпын архивыг шинэчлэх, Спорт холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нарын сургалт 2 удаа явагдсан, улмаар 3 болон 4 дэх сургалтууд болно. Тамирчид, дасгалжуулагчдын сургалтууд явагдана. Мөн спорт холбоодын дунд нөхөрсөг тэмцээн, уралдаан зохион байгуулж байгаа зэрэг ажлууд хэрэгжүүлж байгаа.

Владивостокт болох байсан хүүхдийн наадам цуцлагдлаа. Ханжоугийн Азийн наадам хойшлогдлоо.  Орос, Украины асуудал болон “Ковид-19” цар тахал зэргээс үүдэн олон наадам, тэмцээн зарим нь цуцлагдаж, хойшилж байна.

Энэ оны 10 дугаар сард Сөүл хотод Үндэсний олимпын хороо /АNOC/-дын 25 дугаар Ассамблей, мөн сард Азийн олимпын зөвлөлийн Ерөнхий ассамблей Камбож улсад, мөн 8 дугаар сард Улаанбаатарт Зүүн Азийн үндэсний олимпын хороодын хурал болно.

Тамирчид, дасгалжуулагчдаа ийм ийм тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах талаар бүх спорт холбоодод нээлттэй зарлаж мэдээлсэн. Иймд төсөл, хөтөлбөрөө боловсруулаад сонгон шалгаруулалтад оролцох боломж аль ч спорт холбоонд чөлөөтэй байгаа юм. Бүжгийн спорт, бадминтон, триатлон, тэшүүрийн спортын төрлөөр дасгалжуулагчийн үндэсний семинар зохион байгуулна. Дасгалжуулагчийн тэтгэлэгт хөтөлбөрт Унгар болон АНУ-д туялзуур сэлэм, каноэ завь зэрэг спортын төрлөөр суралцаж байгаа. “Парис-2024” тамирчдын тэтгэлэгт хөтөлбөрт 8 спортын 15 тамирчин хамрагдаад байна. “Бээжин-2022” өвлийн олимпын тэтгэлэгт хөтөлбөр хаагдаад “Милан”2026” өвлийн олимпын тамирчдын тэтгэлэгт хөтөлбөрийн үйл ажиллагаа эхлээд судлагдах, хянагдах шатандаа явж байгаа.


-Энэ оны МҮОХ-ны үйл ажиллагааны төсөв, зардлаа хэрхэн бүрдүүлж байна вэ?

-Энэ жил 1 тэрбум 787 сая 200 мянган төгрөгийн орлого олох зорилт байгаагаас 532.6 сая төгрөгийг түнш байгууллагууд болон бусад орлогоос бүрдүүлэхээр төсөвт тусгасан. Энэ бол нэлээд шахуу, богино хугацаатай бөгөөд түнш байгууллагуудтайгаа хамтарч ажиллаж тэдний дэмжлэг туслалцааг авах юм. Эхнээсээ хэрэгжиж эхлээд байгаа, “Евро травел” компанитай “”Парис-2024” олимпын наадмаар хамтарч ажиллаж жуулчин явуулахаар гэрээ байгуулаад 50 сая төгрөгийн дэм аваад байгаа. Мөн ХАС банк 30 сая төгрөгийн дэмжлэг үзүүлээд байна.  ОУОХ болон Азийн олимпын зөвлөлөөс захиргаа, аж ахуйн зардалд 170 мянган ам.доллар буюу 530 сая төгрөг өгсөн. Үүний 30 хувийг спорт холбоод авах бөгөөд тамирчдынхаа бэртэл гэмтэл, өндөр зэрэглэлийн тамирчдын зарим гадаад, дотоод болон олимпын эрх авах тэмцээн уралдааны замын зардалд дэм болгож зориулах юм.

ОУОХ-ны Эв санааны нэгдлээс хэрэгжүүлэх хөтөлбөрүүдэд 664.9 сая төгрөг тавьсан. Ер нь 10 гаруй спортын холбоо болон тодорхой төсөл хөтөлбөрүүд хийгдэж байна. Үүний зарим нь батлагдаад байгаа бол зарим нь хянагдаад, төлөвлөөд явж байгаа. Энэ жил гадаад харилцаа, тив бүсийн наадмуудад 60,8 сая, олимпын сургалт, сурталчилгаанд 81 сая төгрөг зарцуулахаар төсөв, төлөвлөгөөг батлуулаад байна.




-ОУОХ-ны өнөөгийн зорилтын хүрээнд Монголдоо шинэ спортын төрлийг түлхүү дэлгэрүүлэн хөгжүүлэх бодлого баримталж байгаа юу?


-ОУОХ-ноос спортын төрлүүдийг залуу шинэ төрлүүдээр өргөжүүлэх бодлого баримталж, хэрэгжүүлж байгаа. Токиогийн олимпын наадамд шинэ үеийнхний буюу хүүхэд залуусын дунд өргөн дэлгэрч хөгжиж байгаа 5 шинэ төрөл орсон бол Парисын олимпод шинэ 4 төрлийг оруулахаар болсон. Монгол улсын хувьд ч брейк бүжиг, скэйтборд, спорт авиралтын төрлийг хөгжүүлэхээр дотооддоо сургалт зохион байгуулах, гадаадын багш, эксперт мэргэжилтнийг урьж сургалт хамруулах зэрэг ажлууд эхлүүлээд, төлөвлөөд ажиллаж байна. “Парис-2024” олимпын наадамд энэ төрлөөр тамирчдаа бэлтгэхийг зорьж байгаа.


-МҮОХ-ны Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсан талаар тодруулж ярина уу?  


-Дүрэмтэй холбогдсон асуудал сүүлийн 10 шахам жил яригдах болсон. Жил бүрийн хурлаар дүрмийн асуудал хөндөгдөж мэтгэлцээн болж ирсэн. Тэгэхээр МҮОХ-ны дүрэм бол ОУОХ-ны Харт буюу Үндсэн хуультайгаа нийцсэн байх ёстой. Энэ жилийн бидний нэг том ажил бол ОУОХ-ны төсөл хөтөлбөрийн хүрээнд 15 мянган ам.доллар авч “Спорт-Олимпизмын удирдах ажилтны гарын авлага” номыг монгол хэлээр эмхэтгэн хэвлүүлж олон түмний хүртээл болгосон. “Спорт-Олимпизмын удирдах ажилтны гарын авлага” номонд олимпын хөдөлгөөний үүсэл, зарчмууд, түүхэн замналаас эхлээд Үндэсний олимпын хороод, Олон улсын спорт холбоод, олимпын наадмууд, үнэт зүйл, тамирчид, допингийн талаар гээд олимпизмын бүхий л асуудлыг багтаасан байгаа.  

ОУОХ-ны Хартыг ГЗ-ийн гишүүн Ч.Амарсанаа, спортын салбарын эрдэмтэн, доктор Д.Жаргалсайхан, Ч.Зоригтбаатар нар орчуулж, Спорт-Олимпизмыг монголчууддаа сурталчлан таниуллаа.



МҮОХ-ны дүрэмтэй холбогдолтой 6 асуудлыг санал болгоод, нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хүрээнд ОУОХ-нд явуулж, Олимпын Харт зөрчиж байна уу, үгүй юу гэдэг саналуудыг аваад, Бүх гишүүдийн хурлаараа батлууллаа.

МҮОХ-ны гишүүдийн тоо, бусад Үндэсний олимпын хороодоос илүү олон 180 гишүүнтэй болчихоод байгаа юм. Тэгэхээр бид байгууллага, холбоодын төлөөллийг оруулах нь зүйтэй гэж үзсэн. Гүйцэтгэх зөвлөл 9 гишүүнээс бүрдэнэ гэж байгаа. ОУОХ-ны Хүндэт гишүүн, ОУОХ-ны одоогийн гишүүн нь хоёулаа дундаа нэг квоттой байх жишээтэй. Үүнийг тус тусад нь болгож байгаа.

Мөн олимпын хорооны орлогоос ногдол ашиг хуваарилах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хөрөнгийн баталгаа гаргах, тэдгээрийн төлбөрийг төлөхийг хориглоно гэх жишээтэй. Түүнчлэн үг үсгийн болон найруулгын асуудлыг ч хөндсөн. Тухайбал “олимпийн” гэж  эм үгийн дагаврыг өөрчлөн “Монгол хэлний зөв бичих дүрэм”-ийн дагуу “олимпын” болгох гэх мэтээр Дүрэмдээ залруулга, өөрчлөлт орууллаа.


Та бүхэн хурлаараа “Спорт-Ногоон хөгжлийн төлөө хамтдаа” уриалга гаргасан талаараа сонирхуулна уу?


-Орон даяар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн ид өрнөн явагдаж байна. Энэ хүрээнд бид гишүүдийн хурлаараа “Спорт-Ногоон хөгжлийн төлөө хамтдаа” уриалга гаргасан. Энэхүү уриалгаа өөрсдөөсөө эхлүүлж МҮОХ-ны байрны өмнөх талбайгаа цэцэрлэгжүүлж, хаалттай хашааг нээлттэй болгож, иргэд чөлөөтэй зорчиж, хүүхэд залуусын сонирхдог скэйтбордын дэвжээтэй болгохоор зураг төслийг гаргаж байгаа. Улмаар Спорт-олимпизмыг дэмждэг аймаг, дүүрэг, орон нутаг бүрд “Спорт-Ногоон хөгжлийн төлөө хамтдаа” уриаг хэрэгжүүлэн мод тарьж, цэцэрлэгжүүлэх хөдөлгөөн өрнүүлэх юм.

-Өнөөдрийн байдлаар МҮОХ-нд олимпын бус болон олимпын хөтөлбөрт багтдаг хэчнээн холбоо, байгууллага байгаа бол?

-МҮОХ-ны гишүүн олимпын бус төрлийн 29 холбоо байна. Олимпийн хөтөлбөрт багтдаг 35 холбоо байдаг бөгөөд нэг холбооноос 3 хүн төлөөлдөг гэхээр 105 гишүүнтэй гэсэн үг. Мөн гишүүн байгууллагууд байдаг. Ингээд МҮОХ нийтдээ 180 гишүүнтэй байгаа. Тэд бүгд Чуулган болон гишүүдийн хурлаа хийж Монгол Улсад олимпизмын хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хүчин зүтгэж байна. Зун, өвлийн олимп, спортын наадмуудад баг тамирчдаа оролцуулах бүх асуудлаа хамтдаа шийдвэрлэн хэрэгжүүлж байна.


-Жэндерийн тэгш байдлыг хангах, олимпын хөдөлгөөн дэх эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх ОУОХ-ны бодлоготой нийцүүлэн МҮОХ дүрмэндээ өөрчлөлт оруулсан талаар юу хэлэх бол?


-Тиймээ, хурлаар дүрмэндээ МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хоёроос доошгүй нь эмэгтэй хүн байна заалт оруулсан. ОУОХ-ны 2025 он хүртэлх стратеги төлөвлөгөөнд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэх талаар тусгаж, үүнийгээ тун амжилттай хэрэгжүүлж буй. Тухайлбал, 2013 онд 21 хувьтай байсан ОУОХ-ны гишүүдэд эзлэх эмэгтэйчүүдийн хувийг 38 хувьд хүргэхээр төлөвлөсөн. Энэ зорилго өдгөө даван биелж, ОУОХ-ны гишүүдийн 47.7 хувь нь эмэгтэйчүүд болоод байгаа юм.

Мөн оролцогчдын 48.8 хувь нь эмэгтэйчүүд байснаараа “Токио-2020” нь жэндерийн тэгш байдалд хамгийн ойртсон олимп болсон. Түүнчлэн “Лондон-2012” олимпод холимог хосын тэмцээний тоо найм байсан бол “Парис-2024” олимпод энэ тоог 24 хүртэл өсгөхөөр төлөвлөсөн гээд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоог дэмжсэн бодлого, шийдвэрүүдийг ОУОХ-ноос гаргасаар байна.



Холбоотой мэдээ