Өмнөговь аймгийн технологийн их сургууль 9 дүгээр сарын 1-нд анхны элсэлтээ авна

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2022-05-27 12:33:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймгийн төв Даланзадгадад Засгийн газрын зарим гишүүний хамт ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн Газар ШУТИС-ийн харьяа сургуулийг Өмнөговь аймагт байгуулахаар шийдвэрлэсэн. Нийт 20 га талбайд байгуулах сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор нь

-Сургалтын бүс

-Суурьшлын бүс

-Оюутны чөлөөт бүс

-Олон нийтийн бүс

-Ногоон байгууламж гэсэн үндсэн 5 хэсгээс бүрдэх бөгөөд хотхонд хичээлийн байрууд, судалгаа инновацын төв, спортын ордон, оюутны дотуур байр, эмнэлэг, номын сан байх юм. Бүтээн байгуулалтын ажил энэ ондоо багтаж эхэлнэ.

ШУТИС-ийн харьяа Өмнөговь технологийн сургуульд CDIO стандарт арга зүйг нэвтрүүлсэн, дотоод, болон гадаадад магадлан итгэжлэгдсэн хөтөлбөрүүдээр оюутан элсүүлнэ. Эхний ээлжинд Уул уурхайн ашиглалтын технологи, Мэдээллийн технологи,  Газрын тосны инженер, Цахилгааны инженерийг энэ сургуульд бэлтгэхээр төлөвлөжээ.

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, “Өмнөговийн Технологийн сургуулийн 120 оюутны элсэлтийг энэ намар авна. Эхний хоёр жил Өмнөговьд, үлдсэн хоёр жилд нь Австрали, Канад, БНСУ-д суралцаж төгсөнө. ШУТИС-ийн доктор, профессор шилдэг 10 багшийн Өмнөговь аймагт ажиллаж, амьдрах бэлтгэлийг хангасан” гэв.

Эхний элсэгчид 9 дүгээр сарын 1-нээс Өмнөговь аймагт хичээллэж эхэлнэ. Өмнөговь технологийн сургууль нь дээд боловсролын салбарын хөгжлийн нэгэн шинэ алхам болж, их сургуулийг хотхон хэлбэрээр хөгжүүлэх, сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн цогцолборын анхны бөгөөд жишиг бүтээн байгуулалт байх юм. Мөн боловсролын шинэчлэлийн хүрээнд бүх түвшний буюу цэцэрлэг-сургууль-коллеж-дээд боловсролын байгууллагын залгамж чанар, уялдаа холбоог хангаж ажиллах эхлэл ч эндээс тавигдаж байна.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хөдөө, орон нутгийн хөгжлийг дэмжих, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах хүрээн дэх нэг том ажил нь энэ болж байна. ШУТИС-ийг Өмнөговь аймагт байгуулахаас гадна Дархан-Уул, Орхон, Төв аймагт үндэсний хэмжээний их сургуулиудыг хотхон хэлбэрээр хөгжүүлэх ажил ч цаашид хурдацтай үргэлжлэх юм.


Холбоотой мэдээ