"Тэрбум мод" үндэсний хөтөлбөр хөдөө сумдад амжилттай хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-06-02 08:56:38

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөтөлбөр хөдөө сумдад амжилттай хэрэгжиж байна.

Тухайлбал, тус хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын хамгийн баруун захад орших Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын төрийн албан хаагчид 2000 ширхэг мод тарьжээ.

Дээрх мод тарьсан газрыг Хар татрын ойжуулалтын талбай хэмээн нэрлэдэг аж. Тус талбайд Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын Хамгаалалтын захиргаанаас 1998 оноос эхлэн жил бүр 5 га газарт шинээр мод тарьсаар 2010 он хүртэл нийтдээ 126 га газрыг ойжуулжээ. Одоо тухайн талбайд улиас, бургас, чацаргана зэрэг гурван төрлийн 187.5 мянган ширхэг мод ургаж байна.

Ойжуулсан талбайд 2018 оноос зэрлэг халиун буга ирж өвөлждөг болжээ. Цэнгэл сумын захиргаанаас ойжуулалтын талбайг улам өргөжүүлэх бодлого баримтлан ажиллаж байгаа ба энэ жил албан байгууллагуудын 500 орчим ажилтан, албан хаагчдын оролцоогоор 2000 мянган ширхэг модыг нэмж суулгасан байна.

Ойжуулалтын талбайн усалгааны асуудал бүрэн шийдэгдэж, хашаагаар хамгаалагдсан тул тарьсан суулгацууд сайн ургах боломжтойг мэргэжлийн хүмүүс хэлж байна.    

Холбоотой мэдээ