Нийт хүн амын 40 орчим хувийг хүүхдүүд эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-06-02 13:37:13

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн нийт хүн амын 40 орчим хувийг 17 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Тодруулбал, Дорнод аймаг 83 мянган хүн амтай. Үүний 37.3 хувь нь 17 хүртэл насныхан. Өнөөдрийн байдлаар цэцэрлэгт 5318, гэртээ 6757, ЕБС-д 18176, мэргэжлийн боловсролын байгууллагад 1256 хүүхэд суралцаж байна.

Хүн амын дийлэнх хувийг хүүхэд багачууд, залуу үе эзэлдэг учраас тэдэнд чиглэсэн олон ажлыг сүүлийн жилүүдэд хийж хэрэгжүүлж байгаа юм. Тухайлбал, энэ онд хүүхдийн хөгжил, авьяас, ур чадвар, техник сэтгэлгээ, хүмүүжил төлөвшлийг дэмжихэд эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлж, байгууллага, ААН-үүдэд эцэг эхийн зөвлөл байгуулан, хүүхэд хамгааллын бодлоготой болох, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин, үйлчилгээг бүрдүүлэх санал санаачилгыг дэмжих чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.

Дорнод аймаг сүүлийн жилүүдэд хүний хөгжлийн индексээр 21 аймгаас эхний байруудад, ЭЕШ-ын үнэлгээ, боловсролын чанарын үзүүлэлтээр улсдаа тэргүүлэгч амжилтаа таван жил бататгаж, эрүүл мэндийн салбарт таван жил дараалан эхийн эндэгдэлгүй ажиллаж байгаа гэдгийг баярын өдөр тодотгож байлаа. 

Холбоотой мэдээ