"ТЭРБУМ МОД": Говьд цөлжилтөөс хамгаалж 10 мянган заг тарьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2022-06-06 12:29:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар өрнөж буй “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд ААН-үүд 600 сая мод тарих амлалт аван хэрэгжүүлж эхэллээ. Үүний нэг Монгол-Францын хамтарсан, уран олборлох “Бадрах-Энержи” компани “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд 5 сая мод тарих амлалт аван тариалалтаа эхлүүлээд буйг газар дээр нь танилцан сурвалжиллаа. 

Тус компани мод тариалалтаа 2014 оноос эхлүүлж одоогийн байдлаар 11 мянга гаруй мод, ургамал тариад байна. Энэ хавар 800-гаад мод тарьж байна. 2020 онд нийт 5 мянган мод тарихаар төлөвлөснөөс хаврын тариалалтад 2 мянга, намар 3 мянгыг тарина. Нийт 4.5 га-д талбайд 5-6 хүн тогтмол ажиллаж, говийн нөхцөлд ургах заг, хайлаас, хотир, харгана, тоорой, сухай зэрэг мод, ургамлыг тарьж байгааг компанийн байгаль орчны менежер О.Батмягмар танилцууллаа.


Эднийх мод тарих ажлыг олборлолтын  үндсэн орд Зөөвч-Овоогоос гадна Дулаан-Уул ордод хийжээ. Мөн хүлэмжийн аж ахуй эрхэлдэг. Өмнөговь аймгаас загийн бэлэн 1000 гаруй үрсэлгээ авчран суулгаж байна. Харин ирэх жилээс өөрсдөө загийг үрээр болон мөчрөөр тариалж эхлэн үрсэлгээгээ гаргана гэв. Говийн бүсэд уул уурхайн компаниуд мод, ургамлыг нэгд, нөхөн сэргээлтийн хүрээнд дүйцүүлэн хамгаалах буюу ашигласан газраа тарьж байна. Хоёрт, "Тэрбум мод" хөдөлгөөний хүрээнд говийн бүсийг цөлжилтөөс хамгаалан тарьж ургуулж байна. Нөхөн сэргээлтийн хувьд Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт 2020-2024 онд уул уурхайн салбарт нийт 8000 га талбайг сэргээх зорилт тавиад байгаа юм.


“Бадрах Энержи” компани нөхөн сэргээлтийн хүрээнд дүйцүүлэн хамгаалах байдлаар үйлдвэрийн туршилтын үйл ажиллагаанд өртсөн газрын хэмжээгээр буюу нийт 2 га-д, мөн уул уурхайн үйл ажиллагаа өртөхгүй газар заг модыг ургуулж байна. Ургалт хэр байгаа талаар тодруулахад, “Өнгөрсөн жил манайх мэргэжлийн ойжуулалтын “Эко минерал” компанитай гэрээгээр ажиллаж 2111 мод тарьснаас 90 хувь ургаад байна. Усалгааг өдөр бүр зөөврөөр тогтмол хийж байна. Одоо тариалж буй талбайг үйлдвэрлэлд дахин өртөхгүй гэдгээр газраа сонгон тариалж байна” гэв.


Ургамлын агрономич С.Тунгалаг, “Бид өнгөрсөн жил загийн бэлэн үрийн суулгац тариалсан бол энэ жилээс үрийг нь бүс нутгаас түүн бэлтгэж байна. Өнгөрсөн жилийн 7 дугаар сарын 22-нд тарьсан үрүүд сайн ургаж 1000 гаруй суулгац хийн бэлдсэн” гэж танилцуулав. Тэрбээр дүйцүүлэн хамгаалж ургуулна гэдэг нь бүс нутагтаа ургаж буй ургамлын өөрийнх нь таримлыг үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаар хөндсөн газраа хамгаалан тарьж буйг хэлдэг хэмээн тодотголоо.

Загийг хүлэмжинд бортгонд тариалж байгаа нь улирал харгалзахгүйгээр, хугацаа шаардахгүйгээр ургуулах нөхцлийг бүрдүүлж байна.


Ил талбайгаас гадна хүлэмж байгуулан заг болон бусад ургамлыг тариалж байна. Энэ нь загийг бортгонд тариалж, өвлөөс бусад үед улирал харгалзахгүйгээр тариалалт хийх боломжийг олгож буйг онцоллоо. Тодруулж хэлбэл, загийг үрээр эхний нэг жил тарьж ургуулаад 2 жилийн дараа суулгацаа хийдэг байсан бол одоо хүлэмжид хугацаа шаардахгүйгээр ургуулах нөхцөл бүрдсэнийг тодотголоо. Ургамал хооронд 2 м зайтай тарьж байна. Нягтруулан ургуулж байгаа нь элсийг тогтоон “барих” зорилготой аж. Үрийг 10 см  болоод ирэнгүүт бортгонд шилжүүлэн хээрийн талбайд ургуулдаг байна. Энэ жил 10-15 мянган заг тарих үрийг бэлтгэжээ. 


Говийн бүсэд 30 гаруй жил агрономичоор ажиллаж буй тэрбээр “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд төмөр замын дагуух зурваст говийн бүсэд зохицсон, тохирох тухайн бүс нутгийн мод, ургамлыг тарих хэрэгтэйг зөвлөж байлаа. Хангайд ургадаг ургамал, модыг говийн бүсэд авчрах юм уу шилжүүлэн суулгаж тарина гэдэг зохицохгүй арга, нутагшихгүй, нутагшин үржихгүй гэдгийг цохон хэлж байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Тэрбум мод" хөдөлгөөний зөвлөмжид ч бүс нутагт нь тохирсон, тухайн нутгийн технологиор нь тарихыг тусгаад буйг тэрбээр тодотгон хэлж байв.


Заг нь Монголын говийн үндсэн, унаган үлдмэл ургамал. Заг цөлжилтийг сааруулдаг, усаа барихаас гадна үндэс нь газар доогуур хавж ургадаг, манхан, элсэн товцгийг бий болгодог, үрээ авч үлддэг онцлогтой ургамал аж. Бүс нутгийнхээ эко системийг бүрдүүлдэг үндсэн үүрэгтэй загийг үрээр нь цааш нь ургуулж хүрээг нь өргөжүүлэх шаардлага байгаа тул энэ ажлыг “Бадрах Энержи” компани хийж, заган ойн зурвас байгуулахаар зорьсны эхний үр дүн гарч байна. 


Холбоотой мэдээ