Монгол Улс дэлхийд хамгийн олон тахьтай орон болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2022-06-06 15:30:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад 1992 оны 6 дугаар сарын 5-нд анхны 16 тахийг Төв аймгийн Хустайн нуруунд, Говь-Алтай аймгийн Тахийн талд, 2004 онд Завхан аймгийн Хомын талд буулгаснаар тахь сэргээн нутагшуулж эхэлсэн юм. Одоогоор Хустай байгалийн цогцолбор газарт 422, Тахийн талд 386, Хомын талд 132 нийт 940 толгой тахь нутагшиж, Монгол Улс дэлхийн хамгийн олон тахьтай орон болжээ.


Дэлхийн байгаль хамгаалах холбооны Зүйлийг авран хамгаалах комиссын Адуу судлаачдын груп “Сэргээн нутагшуулсан байгалийн тахь зөвхөн Монголд бий хэмээн дүгнэн бичжээ. Учир нь тахийг Монгол, БНХАУ, ОХУ, Казахстанд сэргээн нутагшуулах хөтөлбөр эхлүүлэхэд Монголд үржлийн бодгаль мянга орчим болж хашаа хороогүйгээр байгальд бэлчин, улирлын хатуу ширүүнийг даван туулж, мэнд үлдэж байгаагийн хувьд “байгалийн популяц” хэмээн үзсэн байна.



Том хөхтөн амьтныг гаршуулж гэршүүлж байснаас бус байгальд нь тавьж зэрлэгшүүлж нутагшуулсан туршлага дэлхийд хомс юм. 1960-1996 он хүртэл “Байгальд устсан” ангилалд байсан тахийг эх нутагт нь сэргээн нутагшуулснаар 2008 онд “Устаж байгаа”, 2011 онд “Устаж болзошгүй” гэх 2 зэрэглэл бууруулан байгалийн популяц бий болгосон"-ыг ХБЦГ-ын Хамгаалалтын захиргааны дарга Ц.Дашпүрэв сэтгүүлчдэд мэдээлэв.


Тэрбээр, “Тахийн бэлчээр нутгийн хүрэлцээг сайжруулахаар булаг, шандгүй газар зориудаар ус гаргаж, цас, борооны ус хуримтлуулах хөв байгуулж байна. ХБЦГ өнөөг хүртэл улсын төсвөөс мөнгө авахгүйгээр байгалийн аялал жуулчлалаар өөрийгөө санхүүжүүлж ирлээ. Өнгөрсөн 30 жилд 30 орчим тэрбум төгрөгөөр байгалиа хамгаалсан. Байгаль хамгаалалд тулгарч буй бэрхшээлийн нэг нь төвийн бүсийн хүн ам, малын өсөлт, төвлөрөл, бэлчээрийн доройтол, хомсдол болж байгаа”-г тэмдэглэсэн юм.


Говийн Их дархан цаазат газрын “Б” хэсгийн Хамгаалалтын захиргааны дарга О.Ганбаатар “Тахь сэргээн нутагшуулж буй газруудад бусад амьтны тоо толгой ч нэмэгдсэн. Энд нүүдлийн зүйл амьтад өөрсдийн зөнгөөр ирж нутагладаг. Тахь байгалийн жамаар сүрэг үүсгээд амьдарч байгаа ч монгол адуутай эрлийзжих эрсдэлтэй”-г хэлж байв.



Байгаль орчны гавьяат ажилтан, Олон улсын”Тахь групп”-ийн зөвлөх О.Доржраа энэ үеэр “Москва хотноо 1985 онд болсон олон улсын зөвлөгөөнөөр Монголд тахь нутагшуулах тухай шийдсэн байдаг. Манай улс 1990 онд тахь сэргээн нутагшуулах үндэсний комисс байгуулан бэлтгэлээ базааснаар 1992 оны энэ өдөр анхны тахийг хүлээн авсан. Монголд тахь нутагшиж байгаа нь гадаад дотоодын эрдэмтэд, гадаадын төсөл, санхүүжилтийн үр дүн. Тахь сэргээн нутагшуулж зэрлэг байгальд нь бодгаль бий болгосон нь манай улсын дэлхийн түүхэнд оруулж буй их хувь нэмэр" гэдгийг онцоллоо.


Хаант Оросын армийн хурандаа Николай Михайлович Пржевальский мэргэжилтнүүдээ Монгол руу илгээж, 1896-1903 онд 88 унага барьснаас Европт 53 нь эсэн мэнд хүрч, 13 нь үржин үр төлөө өгч дэлхийн 30 гаруй орны 100 гаруй амьтны хүрээлэн, нөөц газруудад 2500 гаруй болоод байна. 


Тахь сэргээн нутагшуулсны 30 жилийн ойн үйл ажиллагааг өнөөдөр албан ёсоор эхлүүлж байгаа ч 8 дугаар сарын 7-10-нд тахь нутагшиж буй газруудад болон нийслэлд тэмдэглэхээр төлөвлөжээ. 



Холбоотой мэдээ