Их Британийн хаант засаглал дахь эргэлтийн үе

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2022-06-07 11:03:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хатан хаан Элизабета II хаан сэнтийд заларсны 70 жилийн ой буюу Цагаан алтан ойн баяр Их Британи болон Хамтын Нөхөрлөлийн орнуудад 4 хоногийн турш үргэлжилж дууслаа. Өнгөрсөн урт амралтын өдрүүдэд британичууд түүхэн ойг нижгэр сүртэй тэмдэглэсэн нь тэд хаант төрийн тогтолцооноос уйдаж залхаагүй, түүнийг түүхийн архивд оруулах гэж яарахгүй байгааг илтгэнэ.


Түүхт ойд зориулсан ёслолын ажиллагаа пүрэв гарагт Хатан хааны гвардын цэргүүдийн Trooping the Colour /туг залах ёслол/ гэдэг нэртэй сүрт жагсаалаар эхэлсэн бол залгуулаад Их Британийн Агаарын цэргийн хүчний 70 нисэх онгоц оролцсон шоу үзүүлбэр боллоо.

Алхаж гишгэхдээ тааруу болж, бие нь чилээрхсэн хэдий ч 96 настай Хатан хаан Элизабета II Букингемийн ордны тагтан дээр гэр бүлийнхний хамт гарч ирэн, цугларсан олонтой мэндчилж, нисэх хүчний парад үзжээ. 

Харин баасан гарагт Гэгээн Павелын сүмд 70 жилийн ойд зориулсан мөргөл болох үед бие нь тавгүйрхсэн Хатан хаан хүрэлцэн ирж чадсангүй.



“Надад зориулсан та бүхний өгөөмөр сайхан сэтгэлээс миний бие урам зоригийг авсаар байгаа бөгөөд бид бүхэн ойрын өдрүүдэд өнгөрсөн 70 жилийн амжилт ололтоо бахархалтайгаар дүгнэн цэгнэж, ирээдүй өөд итгэл төгс тэмүүлэлтэйгээр урагшилна гэдэгт итгэлтэй байна” хэмээн Хатан хаан Элизабета II Цагаан алтан ойн баярыг тохиолдуулан ард түмэндээ хандсан илгээлтдээ дурджээ.


Бямба, ням гарагт баярын концерт, театрчилсан үзүүлбэрүүд болж, орон даяар бүх нийтийн зугаалга, цэнгээн үдэшлэг боллоо. Энэ бүхэнд их британичууд ойролцоогоор 6 тэрбум фунт стерлинг зарлагадсан гэх тооцоог телевизийн RTÉ суваг хийсэн байна.


Түүнээс гадна, пүрэв, баасан гарагийг амралтын өдөр болгож, нийтдээ 4 өдрийн турш хөгжилдөн цэнгэсний эцэс олон хүн үргэлжлүүлээд ажлаасаа хэд хэдэн өдрийн чөлөө авна гэж тооцвол, тэртэй тэргүй өсөлт нь саараад буй эдийн засгийн нөхцөл байдлыг хүндрүүлэхээр байна. Жишээ нь, 70 жилийн ойн баярыг тэмдэглэснээр тус улсын ДНБ 2-р улирлын дүнгээр 0,4 хувиар буурна гэсэн таамаглалыг Блүүмбэрг дэвшүүлжээ. Гэвч зарим шинжээчдийн үзэж байгаагаар, 2002 ба 2012 онуудад болж байсан Алтан ба Алмаазан ойн баяруудын үеэр ДНБ-ний хэмжээ үл ялиг буурч байсан боловч III улиралд маш түргэн сэргэж, хэвийн өсөлтөнд эргэн шилжсэн байна.


Хамгийн өндөр настай хатан хаан


Их Британийн түүхэнд хаад, хатан хаад 70 жилийн турш төр барьсан тохиолдол үгүй. 1952 оны 2 дугаар сарын 6-ны өдөр 25 настайдаа хаан ширээнд заларсан Элизабета II Британийн түүхэнд хамгийн олон жилийн хугацаанд хаант төрийг удирдсан хүн болж байна. Энэ үзүүлэлтээр түүнд хамгийн ойр дөхөж очих хүн бол Хатан хаан Виктория /63 жил/ юм. Харин 72 жилийн турш Францын төрийг удирдсан Людовик XIV хааныг дэлхийн түүхэнд хамгийн удаан төрийн эрхийг барьсан хүн гэж үздэг. 


Хаант төрийн тогтолцоо бол Их Британийн бахархал, түүний үндэс сурвалж нь учраас хуучирч хоцрогдоно гэж үгүй. Хатан хаан Элизавета II өөрийнхөө өмнөх 4 хүний төрийн эрх барьсан цаг хугацааг нийлүүлснээс илүү их урт хугацаанд хаант төрийг удирдаж байна. Тэрбээр Их Британийн 14 Ерөнхий сайд, АНУ-ын мөн тооны ерөнхийлөгчийн нүүр үзсэн хүн юм.  Тодорхой хэлбэл, тус улсын иргэдийн 85 хувь нь Элизавета II -аас өөр хатан хаан эсвэл хааны зүс царайг хараагүй гэсэн үг.


Хатан хаан бол британичуудын хайр хүндэтгэлийг хамгийн ихээр хүлээсэн хүн яах аргагүй мөн. Ер нь бол, Элизабета II ба түүний гэр бүлийн нэр хүндийн үзүүлэлт байнга 75-85 хувийн хооронд хэлбэлзэж байдаг. Гэхдээ зарим нэг дуулиант үйл явдлын дараа Винзорын овгийнхний нэр хүнд унаж байсан тохиолдол бий. Тухайлбал, 1997 онд Диана гүнж осолд орж амиа алдсан нь тэдний хувьд хатуу бэрх сорилт байлаа. Эмгэнэлт хэргийн дараа Элизабетаг хатуу сэтгэлтэй, мэдрэмжгүй, сэтгэл зүрхгүй хүн гэх мэтээр олон хүн шүүмжиж байв. Санал асуулгад оролцогчдын 72 хувь нь түүнийг нийгмийн амьдралаас тасарсан гэж үзэж байсан бол 62 хувь нь “хаант засаглал цаашдаа оршин тогтноно” гэдэгт эргэлзэж байжээ. Тэр ч бүү хэл олон хүн “татвар төлөгч бид нар юуны учир хатан хааны гэр бүлийг тэжээх ёстой юм бэ” гэж дургүйцлээ илэрхийлжээ.


Гэсэн хэдий ч хэсэг хугацаа өнгөрсний дараа хатан хааны гэр бүлийнхний нэр хүнд дахиад л алгуур сэргэж эхлэв. Тодруулбал, 2011 онд ханхүү Уильям, түүний сүйт бүсгүй Кейт нарын хурим болсны дараа Букингемийн ордныхны нэр хүндийн чансаа 90 хувьд хүрсэн нь сүүлийн 50 жилийн хугацаанд байгаагүй үзүүлэлт юм .


Эргэлт буцалтгүй өөрчлөгдөх Их Британийн хаант төр


Өдгөө 96 настай Хатан хаан бие нь чилээрхсэн гэдгийг олон нийтээс огт нуудаггүй. Түүний олон жил ханилсан эр нөхөр, Эдинбургийн гүн, хунтайж Филипп Маунтбеттен хорвоогийн мөнх бусыг үзүүлж, Хатан хаан өөрөө коронавирусний халдвар авсны урхаг нь түүнийг бие сэтгэлийн хувьд маш их зутраажээ. Тэрбээр хаан сэнтийг эзэгнэсэн өнгөрсөн 70 жилийн хугацаанд анх удаагаа парламентын чуулганы нээлтэд оролцож чадаагүйгээс гадна алхаж гишгэхдээ тааруухан болсон тул гадаад дотоодын олон зочинтой хийх байсан уулзалтуудаа цуцлав. 


Сүүлийн хэдэн сарын хугацаанд хатан хаан өөрийн үүрэгт ажлыг ууган хүү хунтайж Чарльз, ач хүү хунтайж Уильям нарт олонтоо даатгах болсон нь зайлшгүй болох өөрчлөлтөд өөрийгөө болон эх орон нэгтнүүдээ сэтгэл санааны хувьд бэлтгэж байна гэж үзэхэд хүргэлээ. Зарим шинжээчдийн дүгнэснээр, хатан хааны эрх мэдлийг түүний ууган хүү, хунтайж Чарльзд шилжүүлэн өгөх үйл явц нэгэнт эхэлсэн болой.


Харин Чарльз хаан сэнтийд залрах гэж байгаа тухай мэдээллийг Букингемийн ордныхон үгүйсгэж байна. Ордны албаны хүмүүст ойр байдаг эх сурвалжуудын ярьснаар, хааны титмийг зүүхээр удаан хүлээсэн Хатан хааны ууган хүү Чарльз өөрийн том хүүгээр хааны албыг хашуулах бодолтой байгаа бололтой. Хатан хаан Элизабета II Чарльзаас гадна 3 хүүхэд төрүүлсэн нь гүнж Анна, хунтайж Эдвард, хунтайж Эндрю нар юм. Ажиглагчдын үзэж байгаагаар, Чарльзын хүү хунтайж Уильям хаан ширээнд залрах магадлал өндөр байгаа аж. Харин хунтайж Эндрю 2019 онд бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогдон хатан хааны гэр бүлийн гишүүний эрхээ хураалгасан бол Уильямын дүү хунтайж Гарри гэр бүлийн гишүүний эрхээсээ сайн дураараа татгалзан АНУ-д амьдарч байгаа билээ. Юутай ч энэ ондоо багтаад хаант засаглалд томоохон өөрчлөлтүүд гарах бололтой.

“Хатан хаан хаанчилдаг, харин захирдаггүй” гэсэн үг бий. Сүүлийн 70 жилийн дотор дэлхий дээр олон зүйл өөрчлөгдсөн, үүнийг дагаад Британийн хаант засаглалд өөрчлөлтүүд гарсан. Энэ хугацаанд Винзорын удмынхны нэр нөлөө ч олон улсын тавцанд буурсаар, хатан хааны ордныхонд улсын төсвөөс олгодог мөнгөний хэмжээ ч багассаар ирсэн нь үнэн. Ийм үед Британийн хатан хааны гэр бүлийнхэн байр сууриа алдахгүйн тулд багагүй хөдөлмөрлөх хэрэгтэй болох нь. Жишээ нь, өнгөрсөн хавар Кембрижийн гүнгийн Карибын тэнгисийн орнуудад хийсэн айлчлал үүнийг гэрчилнэ. Хунтайж Уильям, түүний гэргий Кейт нарыг хүйтэн хөндий байдлаар угтан авч, Багамын арлуудад Британийн колоничлогчдын учруулсан хохирлыг нөхөн төлөхийг шаардсан нь хаан ширээнд залрах хүн цоо шинэ асуудлуудтай тулгарна гэдгийг харуулж байна.


Б.Адъяахүү 

Холбоотой мэдээ