Сүүн замын атлас буюу одон орон судлалд гарсан ХУВЬСГАЛ

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2022-06-15 12:44:11

Хүн төрөлхтөний амьдардаг “Сүүн зам” галактикийн маш дэлгэрэнгүй атлас зураг, тус галактикт байрлах 1,8 тэрбум оддын нарийвчилсан дүрслэлийг  Европын Сансрын агентлаг нийтэлсэн нь одон орны судлалд гарсан даруухан хувьсгал” боллоо.


Сансрын “Гея” /Gaia/ дуран авайнаас Дэлхий рүү илгээсэн хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдэд үндэслэн одон орончид оддын масс, дулааны хэм төдийгүй тэдгээрийн нас, химийн бүтэц ба бусад гол үзүүлэлтийг тооцоолон гаргажээ.


Үүний зэрэгцээ, оддын гадаргуу дээр цөөнгүй удаа “од хөдлөлт” явагддаг болохыг эрдэмтэд илрүүлсэн төдийгүй уг үзэгдлийн шинж байдал, Сүүн замд орших 800 мянга гаруй давхар оддын системийн бүрэн каталогийг бүрдүүлж чадсан байна.


Төслийн удирдагчдын нэг болох Парисын Одон орон судлалын төвийн ажилтан Фредерик Арену хэлэхдээ “олон зуун сая оддын дэлгэрэнгүй дүрслэлийг хийх тухайд урьд нь бид мөрөөдөж ч чаддаггүй байсан, энэ удаагийн амжилт бол одон орон судлалд гарсан “чимээгүй хувьсгал”” хэмээн дүгнэв.   

Сүүлийн 400 мянган жилийн хугацаан дахь Сүүн замын оддын хөдөлгөөний траектори


“Гея” аппарат 2014 оны 1 дүгээр сараас хойш галактик дахь оддын тооллогыг хийж байгаа бөгөөд ердөө гуравхан төхөөрөмжөөс бүрдэнэ. Астрометр гэдэг багаж нь оддын сансар дахь байршлын координатыг тодорхойлдог бол фотометр нь оддын цацруулж буй гэрлийн эрчмийг хэмжинэ. Харин Допплерын спектроскоп нь гэрлийн цацрагуудыг хэсэгчлэн задалснаар тухайн одны химийн бүтэц, дулааны хэмийн талаарх мэдээллийг өгдөг.


ОДОД ДЭЭРХ  “ГАЗАР ХӨДЛӨЛТ”


Хамгийн санамсаргүй бөгөөд шуугиан тарьсан нээлт бол оддын гадаргуу дээр сейсмик чичирхийлэл явагдаж буйг “Гея” дуран авай бүртгэж авсан явдал юм. Гэтэл уг аппаратаар ийм төрлийн судалгаа хийхээр анхнаасаа төлөвлөөгүй байлаа.


Однууд заримдаа нэг талаараа цүлхийн томорч, нөгөө талаасаа агшдаг боловч ерөнхийдөө бөмбөлгөн хэлбэрээ алддаггүй. Үүний шалтгаан нь радиал хэлбэлзэлтэй холбоотой гэдгийг одон орончид хэдэн жилийн өмнө тодорхойлсон байдаг. 


Харин “Гея” дуран авайгаар ажиглалт хийсэн 8 жилийн хугацаанд эрдэмтэд мянга гаруй тооны, цар хэмжээний хувьд өөр өөр “одод дээрх газар хөдлөлт”-ийг бүртгэж авсан байна. Эдгээр чичиргээ нь асар хүчтэй бөгөөд “газар хөдлөлтийн төв”-өөс одны титмийн дагуу асар том цунами үүссэнээр тухайн одны геометрийн хэлбэр нь өөрчлөгдөж байжээ.


“Оддын чичиргээ” гэдэг бол тухайн од хэлбэрээ гэнэт өөрчлөхийг хэлдэг. Энэ бол бидний мэдэх “лугших” хөдөлгөөнөөс илүү нарийн түвэгтэй үзэгдэл юм. Цагаан одой однууд, нейтрон одод гэх мэт хүнд объектуудын “хөдлөлт”-ийг судалснаар асар их даралтын дор матери ямархуу байдлаар оршдог вэ гэдгийг илүү сайн танин мэдэх боломжтой” хэмээн Их Британийн Бата их сургуулийн астрофизикийн тэнхимийн эрхлэгч Кэйрол Манделл ярьж байна.


“Одод дээрх газар хөдлөлт нь тухайн одны гүнд юу болж буйг харах боломжийг олгодог. Ийм үзэгдэл болдог гэдгийг одон орончид хэдэн жилийн өмнө таамаглаж байсан хэдий ч “Гея” төхөөрөмжийн тусламжтайгаар өөрсдийн хийсэн тооцооллыг сая л туршилтаар баталж чадлаа” хэмээн Нидерландын Неймегений их сургуулийн Одон орны физикийн тэнхимийн профессор Марийке Хаверкорн ярилаа


ОДДЫН ДНХ


Тухайн од ямар бодисуудаас бүтсэн бэ гэдгээр нь түүний үүсэл хөгжлийг тодорхойлох боломжтой. Учир нь, Их тэсрэлтийн дүнд эгэл бөөмсөөс гели, устөрөгч гэсэн хоёр хамгийн хөнгөн хий бий болсон ба тэдгээрээс анхны одод үүсжээ. Асар өндөр хэм, асар их даралтын үйлчлэлээр оддын хөрсөн дор илүү хүнд элементүүд /металлууд гэх мэт/ бий болно. Однууд мөхөх үедээ бодисуудаа огторгуйд цацах ба эдгээр бодисоос шинэ одод үүсэж, хөрсөнд нь илүү хүнд элементүүд бий болох байдлаар цааш үргэлжилнэ.  


Ийм өөрчлөлтүүдийн гинжин хэлхээний чиглэл, дарааллыг эрдэмтэд сайтар мэддэг байсан бөгөөд огторгуйн биетүүдийн химийн бүтэц нь тэдгээрийн гарал үүслийн талаарх чухал мэдээллийг хадгалж байдаг тул нэг ёсондоо тэдгээрийн ДНХ гэсэн үг. 


Ямар химийн элементүүдээс тогтдог вэ гэдэгт дүн шинжилгээ хийснээр тухайн од хэзээ дэлбэрсэн, одоогийнхоо байрлалд хэзээ буй болсон зэргийг тогтоох боломжтой. Сүүний замын өнцөг булан бүрт орших олон оддын талаарх өгөгдлүүдийг харьцуулснаар манай галактикийн үүх түүх, хувьсал хөгжлийн талаар илүү тодорхой төсөөллийг авах боломжтой. 


“Од гэдэг бол мөнхийн хувиршгүй зүйл, манай галактик бол оддын хотхон бөгөөд уг хотхоны тодорхой зураглалыг эрдэмтэд хэдийнэ гаргаж авсан гэж хүмүүс боддог. Гэвч үнэн хэрэгтээ энэ нь ташаа ойлголт бөгөөд Сассекийн их сургуулийн профессор Даррен Баскилл-ын ярьснаар, Орчлон ертөнц дэх бидний амьдардаг нэгэн өнцөг буланг газрын зураг байдлаар дүрслэх боломжийг чухамдаа “Гея” телескоп анх удаа олгожээ.  


ДАВХАР ОДДЫН СИСТЕМ БА СОЛИРУУД 


“Сүүн замын атлас”-ын хамгийн чухал хэсэг бол сансрын хоёр шинэ жагсаалт юм. Эхнийх нь, урьд өмнө нь хэзээ ч гаргаж байгаагүй, давхар оддын хамгийн том бөгөөд дэлгэрэнгүй каталог юм. Манай галактикт буй ийм оддын тоо 813 мянга орчим ба тэдгээрийн масс, хувьслын явцын загварчлалыг уг каталогт багтаажээ. 


Дараагийн “сансрын каталог”-т Сүүн замын орон зайд тэнүүчилж буй 156 мянган солир ба сансрын бусад биетийг ангилан оруулсан байна. Ингэснээр “Гея” дуран авай харьцангуй богино хугацааны дотор одон орны оргилуудыг байгуулахаас өмнөх 200 жилийн дотор хийсэн нээлтүүдээс илүү ихийг бүтээж чадлаа.  


ДУРАН АВАЙН ТУХАЙ ТОВЧХОН 


Хаббл, Жэймс Уэбб гэх мэт дуран авайнууд шиг “алдартай” биш боловч Гея аппаратны ачаар Сүүн зам галактикийг судлах, галактикуудын хувьсал өөрчлөлтийг танин мэдэхэд жинхэнэ ёсоор хувьсгал гарлаа.


Уг дуран авай Дэлхий-Нарны системийн Лагранжийн L₂ цэгт, Дэлхийгээс 1,5 сая км-ийн хол зайд байрлаж, манай гарагтай ижил давтамжаар Нарыг тойрон эргэнэ.    


Түүний тусламжтайгаар ойролцоогоор 2 тэрбум тооны илүү тод гэрэлтэй оддыг ажиглаж байгаа нь манай галактикийн бүх одны ердөө 1 хувь юм. Гэсэн хэдий ч тусгай алгоритмууд ба одон орон судлалын асар их хэмжээний мэдээллүүдийн тусламжтайгаар эрдэмтэд Сүүн замын зургийг зохиож чаджээ. “Гея” аппарат өдөр бүр 20-100 Гбайт мэдэээллийг Дэлхий рүү дамжуулдаг бөгөөд эдгээрийг боловсруулахаар Европын 6 суперкомпьютерийн төвд 400 гаруй судлаачид, инженерүүд ажилладаг. Гея-гаас ирүүлж байгаа болон цаашдаа ирүүлэх өгөгдлүүдээр 1 петабайтаас илүү мэдээлэл бүхий каталог хийж, түүнийгээ цаасан дээр хэвлэж өрье гэвэл 100 км өндөр цаасан овоолго болно.


2025 он хүртэл ажиллах Гея дуран авай цаашдаа олон олон нээлтийг хийнэ гэдэгт одон орон судлаач эрдэмтэд итгэлтэй байна.


Б.Адъяахүү

Эх сурвалжууд: bbc.com; 3dnews.ru

 

 

Холбоотой мэдээ