Малчдын нийгмийн хамгааллын чиглэлээр хийх ажилд ОНХС-аас хөрөнгө гаргаж санхүүжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-06-20 11:42:41

Хэнтий /МОНЦАМЭ/ Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлэхэд төр, нийгмийн түншлэлүүдийн хамтын ажиллагаа зүүн бүсийн зөвлөлдөх уулзалт Чингис хотноо энэ сарын 18-нд боллоо.

Тус уулзалтад Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн төр, нийгмийн 6 түнш нарын хамтарсан 20 гаруй төлөөлөл оролцов. Үйл ажиллагааг нээж, Хэнтий аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албаны дарга С.Бат-Эрдэнэ үг хэлсэн бол Хамтарсан хөтөлбөрийн зохицуулагч П.Лхам “Малчдын нийгмийн хамгаалал Хамтарсан хөтөлбөрийн  хэрэгжилт”, Хэнтий  аймгийн НДХ-ийн Улсын байцаагч Д.Жаргалмаа “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлэхэд нийгмийн даатгалын байгууллагын оролцоо”, Дорнод аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Баатарсүх “Малчдын нийгмийн хамгаалал, хамтарсан хөтөлбөр, олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй төслийн танилцуулга”, Хэнтий  аймгийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны дарга Э.Цэрэнчимэд “Хэнтий аймгийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны мэдээлэл”, Хэнтий аймгийн Ажил олгогч эздийн холбооны дарга Д.Энхзаяа “Малчин ажил олгогчдын хөдөлмөрийн хуулийн шинэ зохицуулалт, бизнесийн гишүүнчлэл, нийгмийн хамгааллыг сурталчлах чадавхийг бэхжүүлэх төслийн танилцуулга, Сүхбаатар  аймгийн “Шимт номин тал” бэлчээр ашиглагчдын холбооны дарга Д.Батхүрэл “Монголын бэлчээр ашиглагчдын холбоо” зэрэг сэдвээр мэдээлэл хийлээ.

Мөн уулзалтад урилгаар Завхан аймгийн Идэр сумын Насан туршийн боловсролын нэгжийн дарга Н.Мөнхжаргал оролцож, тус сумын Насан туршийн боловсролын нэгж хамтарсан хөтөлбөрт оролцсон байдал, туршлагаа хуваалцсан юм. Түүнчлэн Завхан аймгийн Хөдөө аж ахуй, хоршоологчдын холбооны дарга Д.Бямбацэрэн “Малчдын хоршоогоор дамжуулан нийгмийн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэх, урамшуулал, хөшүүргийн механизмыг хэрэгжүүлсэн туршлагаа танилцуулсан нь оролцогчдод үр өгөөжтэй байв.

Сүхбаатар аймгийн НДХ-ийн үйлчилгээний тасгийн дарга Ө.Бат-Амгалан ярихдаа “Хэнтий аймагт болж буй энэхүү зөвлөгөөнөөр малчдын нийгмийн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэхэд олон сайхан санал санаачилгууд гарсан үр дүнтэй уулзалт болж байна. Өнөөдрийн түвшинд Нийгмийн даатгалын байгууллага ХНХЯ болон төр засгийн шийдвэрийг орон нутагт зөвхөн хэлтсээр дамжуулж, хэлтэс нь сумдын байцаагчдадаа хүргэх тогтолцоотойгоор явж ирсэн. Энэ нь нэг талаараа мэдээлэл малчдад төдийлөн сайн хүрч чаддаггүй, үүнээс болж малчид эрх ашгаараа хохирдог асуудал бий. Малчид ч гэсэн ажил хөдөлмөр ихтэй, тэр бүр мэдээлэл өөрсдөө аваад байдаггүй онцлогтой. Тиймээс Нийгмийн даатгалын байгууллагын хэлтэс тасгууд аль болох л чадлаараа мэдээлэл хүргэхийг хичээж ажилладаг байсан бол өнөөдрийн энэ зөвлөгөөний гол ач холбогдлыг цаашдаа малчдын нийгмийн даатгалын хамрагдалтын талаар төр, нийгмийн хамтарсан 6 дуу хоолой нэгэн зэрэг ажиллаж эхлэх нь гэж харж байна. Энэ хэрээр мэдээллийн цар хүрээ нэмэгдэхээс гадна бие биенээ дэмжиж хамтарч ажиллана, тэгш хяналтыг бий болгоно. Ингэхээр төрийн үйл ажиллагааг цогцоор нь орон нутагт бүрэн хүргэх дэвшилтэт алхам нээгдэж байна гэж үзэж байна.

Сүхбаатар аймгийн тухайд 2020 онд 15004, 2021 онд 15440 малчин байна гэсэн судалгаа бий. Үүнээс сайн дурын нийгмийн даатгалд хамрагдалт 2020 онд 1800, 2021 онд 2400 болсон. Цаашдаа энэхүү түншлэл хамтын ажиллагааг орон нутагт шат шатанд хэрэгжүүлснээр  малчдын нийгмийн даатгалын хамрагдалтын тоо өснө гэдэгт итгэл дүүрэн байна." гэлээ.


Сүхбаатар  аймгийн “Шимт номин тал” бэлчээр ашиглагчдын холбооны дарга Д.Батхүрэл “Энэхүү зөвлөлдөх уулзалтад манай зүгээс зөвхөн мал бэлчээрийн чиглэлээр биш малчин руугаа чиглэсэн нийгмийн хамгааллыг нь хэрхэн хангах талаар хэлэлцсэнээрээ онцлогтой байлаа. Малчдын нийгмийн хамгааллын асуудал бол төр засгийн хаягдаж яваа хэсэг. Зөвхөн тэтгэвэрт гаргах, урамшуулал олгох гэх мэт хязгаарлагдмал байдлаар малчдын нийгмийн асуудалд ханддаг. Гэтэл малчид Монгол орны нийт хөдөлмөр эрхлэлтийн 30 орчим хувийг бүрдүүлдгээс 18 хувь нь л нийгмийн даатгалд хамрагдсан байх жишээтэй. Ер нь бэлчээр байж мал байна, мал байж гэмээнэ малчин байдаг. Тиймээс Монголын бэлчээр ашиглагчдын холбооны зүгээс бэлчээрийг зөв зохистой ашиглах, малыг тарга тэвээрэг авахуулахаас гадна энэ 6 түнш байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд бэлчээртэй холбоотойгоор малчдад тоо толгойн албан татварын чиглэлээр сургалт явуулах, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг боловсруулах, тухайн бэлчээрийг малчдад эзэмшүүлэх, ашиглуулах зэрэг малчин руугаа чиглэсэн нийгмийн хамгааллын болон малчдын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаар болсон байгаа.

Аймаг орон нутагт малчдын нийгмийн хамгааллын чиглэлээр хийх ажилд ОНХС-аас хөрөнгө гаргаж санхүүжүүлэх боломжтой болсон. Малын тоо толгойн албан татвараас ОНХС бүрддэг.  Жишээ нь Сүхбаатар аймгийн нэг суманд 60-120 орчим сая төгрөгийг төвлөрүүлсэн байна. Үүнийг нийгмийн хамгаалал, бэлчээрийн менежментийн чиглэлээр малчдынхаа боловсролыг дээшлүүлэхэд ашиглах ёстой. Энэхүү уулзалтад зөвлөгөөнд бидний зүгээс гаргасан санал бол төр нийгмийн 6 талтаараа аймгийн засаг даргын захирамж гаргуулж нэг баг болон сумдад бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах төлөвлөгөөтэй байна. Улмаар сумдад сургагч багш нараа бэлтгээд цаашдаа явахаар болсон. Мөн аймаг, сумын ИТХ-д саналаа багаараа тавьж, төсвөө батлуулж авах, удирдамжаа боловсруулж ажил хэрэг болгох санал гаргасныг бусад оролцогч талууд дэмжсэн” хэмээн ярилаа. 


Өрх бүрт нийгмийн хамгааллыг хүргэх зорилготой НҮБ-ын Тогтвортой хөгжлийн сан “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” Хамтарсан хөтөлбөр нь нэгдүгээрт, Малчдын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэх, хоёрдугаарт, Цочролд  хариу үзүүлэх нийгмийн хамгааллын тогтголцоог бэхжүүлэх чадавхыг нэмэгдүүлэх, гуравдугаарт, Нийгмийн хамгааллын санхүүжилтийн стратеги боловсруулахад дэмжлэг үзүүлэх, холбогдох судалгаанууд хийх зорилтуудыг дэвшүүлжээ. 2020 оноос хэрэгжиж эхэлсэн тус хөтөлбөр энэ онд хаалтаа хийх аж.

Холбоотой мэдээ