Энхийн гүйлт Завханы нутгаар буухиалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-06-19 20:19:16

Завхан/МОНЦАМЭ/. “Эвийн өргөө энхийн гүйлт” өнөөдөр Завханы хойд бүсийн Сонгино суманд ирлээ.

Олон улсын “Эвийн өргөө энхийн гүйлт” нь энэ оны дөрөвдүгээр сард Америкийн Нью-Йорк хотоос эхэлсэн юм. Тавдугаар сарын 14-нд Улаанбаатар хотоос Монгол орны 21 аймаг, 108 сумаар дамжин 7250 км зайг туулахаар Австрали, Унгар, Швейцар, Шинэ Зеланд, ОХУ, Монголын 18 гүйгчтэй олон улсын баг галт бамбарыг буухиалан гүйж байна. Тэгвэл олон улсын багийн гүйгчид Завханы нутгаар энэ сарын 19-24-ний хооронд дамжин өнгөрөх ба өнөөдөр Сонгино суманд ирлээ. Тэд Түдэвтэй сумаар дайрч, 20-ны өдөр Нөмрөг, Яруу, Улиастай суманд, 21-ний өдөр Идэр, Тэлмэн, 22-ны өдөр Тосонцэнгэл, Их-Уул гэсэн 9 сумаар дамжин өнгөрөх юм.


Гүйгчид замдаа галт бамбарыг хүлээн авах, үдэж гаргах ёслолын үйл ажиллагаанд оролцож сургууль, цэцэрлэг, зэрэг байгууллагуудаар зочилно. “Эв нэгдэл надаас эхтэй” уриан дор нөхөрлөл, найрамдал хамгаас чухал гэдгийг таниулахын зэрэгцээ цар тахлын дараа иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд уриалж байгаагаараа онцлогтой.

“Эвийн өргөө энхийн гүйлт” нь хүн төрөлхтний эв эетэй, энх амгалан дэлхийг цогцлоох нэгэн зорилготой тэмүүллийг илэрхийлсэн олон улсын буухиа юм. Энхийн гүйлт нь жирийн иргэдийн дунд эв эе, энх амгаланг бий болгохын төлөө зохиогдож буй манай дэлхийн хамгийн урт гүйлт төдийгүй хамгийн өргөн хүрээг хамарсан үйл ажиллагаа болдгоороо онцлог.

Энэхүү гүйлт нь өдгөө 35 дахь жилдээ 160 гаруй орноор аялан сая сая хүний гараас гарт, зүрхнээс зүрхэнд эв эе, энх амгалангийн уриаг хүргээд байгаа аж.

Олон улсын “Эвийн өргөө энхийн гүйлт”-ийг Монгол оронд зохион байгуулахаар БТСУХ, аймаг, нийслэлийн ЗДТГ, Шри Чинмойн марафоны баг хамтран ажиллаж байна гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 






Холбоотой мэдээ