ОХУ-ын Паралимпын хорооны ерөнхийлөгч мэдэгдэл хийлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-08-09 09:27:20

МОСКВА. /NHK/. Төрийн ивээн тэтгэсэн допингийн хөтөлбөртэй холбогдуулан 2016 оны Паралимпын наадамд ОХУ-ын тамирчдыг оролцохыг хориглосон шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа тус улсын Паралимпын хорооны ерөнхийлөгч Владимир Лукин илэрхийлжээ.

Олон улсын паралимпын хорооны гаргасан энэ шийдвэрт балмагдаж байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.

ОХУ-ын паралимпын тамирчдын дийлэнх нь допингийн хэрэгтэй ямар ч холбоогүй боловч тэд Рио-Де-Жанейро хотод болох паралимпын наадамд оролцох эрхээ хасууллаа гэж тэрбээр дурдав.

Мөн тэрбээр, Дэлхийн допингийн эсрэг агентлагийн мөрдөн шалгалтын дүн гарахаас өмнө Олон улсын паралимпын хороо тамирчдад шийтгэл оногдуулж эхэлснийг буруушаагаад, энэ шийдвэртэй холбогдуулан ОХУ хууль ёсны хариу арга хэмжээ авна гэж мэдэгджээ.

Үүнээс гадна нэр төр цэвэр тамирчдын эрхийг хамгаалах нь чухал бөгөөд тэднийг “Рио-2016” наадамд оролцуулах хэрэгтэй гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ