Монгол Улс, БНХАУ-ын ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ 10.1 тэрбум ам.долларт хүрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-06-22 10:42:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол, Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ГХЯ, Монголбанк хамтран энэ сарын 21-нд зохион байгуулав.


Хуралд УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар нар, холбогдох яам, олон нийтийн болон судалгааны байгууллага, ААН-ийн төлөөлөгч оролцов.


Хурлаар талууд Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, тулгарч буй сорилт, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, боломжийн талаар хэлэлцсэн юм. Ингэхдээ уул уурхай дээр түшиглэж буй хоёр улсын худалдааны эргэлтийг бусад салбар руу чиглүүлж, ялангуяа ХАА-н салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов. Уул уурхайн салбарын хувьд манай улс энэ оны эхний 5 сарын байдлаар ур хөрш рүү 5.7 сая тонн нүүрс гаргаад байна. Үүнийг өмнө онтой харьцуулахад 600 мянган тонноор буурчээ. Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хил, боомтын үйл ажиллагааг сэргээвэл нүүрсний экспорт өсөх төлөвтэй байгааг Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Д.Даваасүх тодотгож байлаа. Нүүрсний экспортыг ялангуяа төмөр замаар нэмэгдүүлэх талаар ярилцсан юм.


Манай улсын экспортод БНХАУ-ын эзлэх хувь хэмжээ сүүлийн 5-6 жилд тогтмол, 70-90 хувьд хэлбэлзэж буй судалгаа байна. Өнгөрсөн оны байдлаар Монгол Улсаас БНХАУ руу хийж буй экспортын 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байна. Хоёр орны гадаад худалдааг 2020 онтой харьцуулахад 38 хувиар буюу 2.8 тэрбум ам.доллароор өссөн үзүүлэлттэй гарчээ. Хэдийгээр цар тахлын нөхцөлд тээвэр-логистикоос шалтгаалан биеэт хэмжээ буурсан ч уул уурхайн гол бүтээгдэхүүний олон улсын зах зээл дэх ханш өндөр байгаа учир орлогын хэмжээ төдийлөн буураагүй эерэг үзүүлэлттэй байна. Манай улсын БНХАУ-аас авсан бараа, бүтээгдэхүүний хэмжээ 2021 онд 31 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.



Хоёр орны хамтын ажиллагааны талаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Эдийн засаг, худалдааны зөвлөх Сун Шюэжюнь хэлэхдээ, “Монгол Улс, БНХАУ-ын хамтын ажиллагаа их ирээдүйтэй байгаа. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд танай улсаас барьж буй ХАА-н салбарыг, тэр дундаа газар тариаланг хөгжүүлэх бодлогыг дэмжиж, Хятадын Засгийн газар, бүх хөрөнгө оруулагч оролцоход бэлэн байгаа”-г онцолсон юм.


КОВИД-19 цар тахал болон олон улсын харилцааны нөхцөл байдал зэрэг тааварлашгүй олон зүйлээс шалтгаалж, дэлхий нийтэд худалдааны эргэлт буурч байгаа энэ үед Монгол Улс гадаад худалдааны гол түнш БНХАУ-тай хийх экспорт, импортын хэмжээг хэвийн хадгалж үлдэх нь том сорилт болж буйг бага хуралд оролцогч нар онцолж байлаа.Хурлыг УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан нээж УИХ-ын дарга Г.Занданшатарын илгээлтийг уншиж танилцуулсан юм.


Худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг дэвшүүлсэн бөгөөд 2021 онд 10.1 тэрбум ам.долларт хүрчээ. Цаашид худалдаа, эдийн засгийн харилцааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлж, Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилга, “Даян дэлхийн хөгжлийн санаачилга” зэрэг хоёр орны урт хугацааны хөгжлийн бодлого, зорилтуудыг харилцан уялдуулж, холбогдох салбаруудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг онцлов. Монгол Улс, БНХАУ-ын гадаад худалдаа 2021 онд 10.1 тэрбум ам.доллар, үүнээс:

  • экспорт 7.64 тэрбум ам.доллар,
  • импорт 2.49 ам.долларт хүрчээ.

2021 онд Монгол Улс дэлхийн 64 оронд бараа экспортлосноос БНХАУ-д 82.6 хувийг, 159 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос БНХАУ 36.4 хувийг тус тус эзэлж байна.

Холбоотой мэдээ