Компаниудын хувьцаа худалдсанаас олсон орлого хамгийн доод түвшинд хүрч буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2022-06-29 14:59:11

ТОКИО. /Nikkei/. Дэлхийн хөрөнгийн биржүүдэд бүртгэлтэй компаниудын хувьцаагаа худалдсанаас олсон орлого энэ оны эхний зургаан сард сүүлийн 19 жилийн хамгийн доод түвшинд хүрч буурчээ. Нэгдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 9-ний хооронд компаниуд 196.4 тэрбум ам.доллар олсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 70 хувиар буурсан үзүүлэлт боллоо гэж Японы бизнесийн "Nikkei" сонин мэдээлсэн байна. 


2003 онд хөрөнгийн биржүүд дээр томоохон уналт болох үеэр л дээрх үзүүлэлт хамгийн доод түвшинд хүрч байжээ.  


Ялангуяа Америкийн корпорацуудын орлого ихээхэн буурсан байна. Дурдсан хугацаанд тэд хувьцаанаас 30 орчим тэрбум ам.доллар олсон нь 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 9-ний хооронд олсон орлогын зургааны нэгтэй тэнцэх дүн юм. Энэ үзүүлэлтээр АНУ-ын компаниуд ийм статистик хөтөлж эхэлснээс хойш анх удаа Хятадын компаниудад байр сууриа алдаж байна гэж “Nikkei” тэмдэглэжээ. Америкийн корпорацуудтай харьцуулахад Хятадын компаниудын орлого хоёр гаруй дахин их байгаа аж. 


Хөрөнгийн бирж дээр хувьцаа худалдсанаас олсон орлого ийнхүү буурсан нь тэргүүлэгч гүрнүүд инфляцын өсөлтийн эсрэг санхүүгийн бодлогоо чангаруулсан, мөн Украины үйл явдлын эргэн тойронд үүссэн хямралын нөлөөтэй холбоотой гэж шинжээчид үзэж байна.





Холбоотой мэдээ