Гол аюулаар Оросыг нэрлэсэн НАТО-гийн ЧУУЛГАН

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2022-06-30 13:00:48

Испани улсын нийслэл Мадрид хотноо болсон НАТО-гийн эвслийн дээд хэмжээний уулзалтад оролцогчид тус эвслийн аюулгүй байдлын Стратегийн шинэ үзэл баримтлалыг хэлэлцэн баталлаа. Уулзалтын үр дүнгийн тухай Хамтарсан тунхаглалд уг үзэл баримтлалыг дэлгэрэнгүй тусгасан ба Орос-Украины асуудлыг хөндсөн үг өгүүлбэрүүд багагүй зайг эзэлжээ.


Гол аюул – Орос, ойрын түнш – Украин  


Баримт бичигт дурдсанаар, 2010 оноос хойш НАТО-гийн хувьд “стратегийн түнш” нь байсаар ирсэн ОХУ “эвслийн холбоотнуудын аюулгүй байдал, ЕвроАтлантын бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд учирч буй хамгийн гол шууд аюул занал” болон хувирчээ. 


Оросын цэрэг Украинд халдан довтолсон нь “олон улсын эрхзүйн зарчмуудыг илэрхийгээр зөрчсөн явдал” гэж НАТО дүгнээд, хүнсний ба эрчим хүчний хямралыг санаатайгаар өдөөж буй Москваг зэмлэн буруушаалаа.


Харин Украин улсыг НАТО-гийн “ойрын түнш” хэмээн уг баримт бичигт тодорхойлсны сацуу тус улсад цэргийн болон санхүүгийн тусламжийг цаашид үргэлжлүүлэн үзүүлнэ гэдгээ дээд хэмжээний уулзалтад оролцогчид амлалаа. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгдэхдээ “шаардлагатай бүхий л хугацааны туршид Украиныг бид дэмжих бөгөөд урт хугацаандаа тус улсын зэвсэгт хүчнийг Зөвлөлтийн үеийн зэвсэглэлээс НАТО-гийн зэвсэглэлд шилжүүлнэ” гэв.


Үүний зэрэгцээ, ирээдүйд Украин улс НАТО-д элсэх боломжтой эсэх талаар Хамтарсан тунхаглалд огт дурдсангүй, гэхдээ “Босни Герцеговин, Гүрж, Украинтай түншийн харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлнэ” гэсэн амлалтыг НАТО өгсөн байна. Тодруулбал, “2008 оны Бухарестийн дээд хэмжээний уулзалтын үеэр баталсан шийдвэрүүд болон түүнээс хойш гаргасан Гүрж, Украинтай холбоотой шийдвэрүүдээ бид баталгаажуулж байна” гэж Тунхаглалд дурджээ.


Сануулан дурдахад, Бухарестын уулзалтын үеэр эвслийн гишүүн орнууд “Украин ба Гүрж улсыг НАТО-гийн гишүүнээр элсүүлэх тохиролцоонд бид хүрлээ” гэж мэдэгдэж байсан боловч тус хоёр улсыг Гишүүнчлэлд бэлтгэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-ндөө оруулаагүй байна.  Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба Францын олон улсын радиод /RFI/ ярилцлага өгөхдөө “манай улс НАТО-д элсэх хүсэлтэй хэвээр байгаа, гэхдээ зөвхөн хүсэл эрмэлзэл байх нь хангалттай биш юм байна” гэв. Саяхан Европын Холбоо Украины гишүүнчлэлийн талаар түүхэн шийдвэр гаргасан бол дайн эхэлснээс хойш НАТО-гийн зүгээс гишүүнчлэлтэй холбоотой ямар ч эерэг “жест” үзүүлээгүй гэдгийг сайд тэмдэглэн хэллээ. 

Энэ удаагийн НАТО-гийн саммитад Украины Ерөнхийлөгч В.Зеленский онлайнаар оролцож үг хэлсэн байна. “Хэрвээ та бүхэн Оросыг гол аюул хэмээн үнэхээр үзэж байгаа бол түүний эхний гол бай нь болж буй Украин улсыг бүрэн дэмжих ёстой. Энэ дайн бол Украины эсрэг дайн биш ээ, энэ бол Европт өөрийн нөхцөл болзлыг тулгах зорилготой дайн. Одоо Украиныг зэвсгээр, санхүүгээр, улс төрийн талаар дэмжих, дайныг санхүүжүүлэх Оросын чадамжийг үгүй хийхийн тулд хориг тогтоох замаар биднийг дэмжих нь зайлшгүй шаардлагатай боллоо” гэж тэрбээр хэлээд, НАТО-гийн зэвсэглэлд буй пуужингийн болон агаарын довтолгооноос хамгаалах орчин үеийн зэвсгүүд Украинд маш хэрэгтэй байгааг онцлон дурджээ.  


Европ дахь Америкийн цэргийн оролцоо өргөжнө


Мадридын уулзалтын өмнөхөн Й.Столтенбергийн мэдэгдсэнээр бол, НАТО-гийн шуурхай ажиллагааны цэргийн хүчний бие бүрэлдэхүүний тоог 40 мянгаас 300 мянга болгож нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Хамтарсан тунхаглалд энэ талаар тодорхой тоо дурдалгүйгээр тусгасан байна. 

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзсаныхаа дараа АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден хэлэхдээ “Путин дэлхийн дэг журмыг тодорхойлж буй үндсэн дүрэм журмууд руу халдлаа. АНУ болон түүний холбоотнууд эдгээр дүрэм журмыг хамгаалах болно” гэжээ. Түүний хэлснээр, АНУ дараах байдлаар Европ дахь цэргийн оролцоогоо өргөжүүлэхээр төлөвлөж байна. Тодруулбал:  


--Испанийн Рота хот дахь цэргийн баазад Америкийн нисэх онгоц тээгч хоёр хөлөг онгоц нэмж байрлана.

--Польшид Америкийн армийн 5-р корпусын штаб байнга байрлана.

--Румынд 3 мянган цэрэг ба 2 мянган туслах бие бүрэлдэхүүн бүхий бригадыг байрлуулна.

--Балтийн орнуудад цэргийн нэмэлт хүч байрлуулахаар төлөвлөжээ. 

--Стелс технологи бүхий Ф-35 сөнөөгч онгоцны хоёр эскадрилийг Их Британид нэмж байрлуулна.

--2022 оны санхүүгийн жилд Европыг хамгаалах зорилгоор Пентагоны төсөвт 3,8 тэрбум долларыг нэмж суулгажээ. 


Гэхдээ Европ дахь Америкийн цэргийн оролцоог өргөжүүлэх тухай Байдены мэдэгдэл нь шуугиан тарьсан гэнэтийн зүйл байсангүй. Энэ тухай яриа хөөрөө нэлээд эртнээс өрнөж байгаа бөгөөд Украины асуудал нэмж цэрэг илгээх үйл явцыг хурдасгалаа.


Түүнээс гадна, НАТО-гийн аюулгүй байдлын шинэ үзэл баримтлалд Хятадын талаарх хандлага өөрчлөгдсөн боловч тус улсыг “НАТО-гийн дайсан” хэмээн үзэхгүй гэдгийг Й.Столтенберг тодотгожээ. “Гэхдээ Хятад улс цэргийн шинэ зэвсэглэлд, түүний дотор алсын тусгалтай пуужин, цөмийн зэвсэглэлд идэвхтэйгээр хөрөнгө оруулж байгаагийн зэрэгцээ 5G сүлжээ зэрэг гол чухал дэд бүтцүүдийг хянах оролдлого хийж байгааг бид анхааралтай ажиглаж байна. Эдгээр нь манай аюулгүй байдалд ямар хохирол учруулж болохыг бид тооцох ёстой” гэж НАТО-гийн Ерөнхий бичгийн дарга хэлсэн байна. 


Швед, Финланд хоёрт Анкара саад хийхгүй


Олон арван жилийн турш төвийг сахих бодлогыг тууштай баримталж  ирсэн Скандинавийн хойгийн Швед, Финланд гэсэн хоёр улс Орос-Украины дайн өрнөж буй энэ үед төвийн сахих статусаасаа гэнэт татгалзаж, НАТО-д элсэх хүсэлтээ өгсөн билээ. Гэтэл тэдний гишүүнчлэлд гэнэтийн нэгэн саад гарч ирэв. Тун ойрын үед буюу энэ зундаа багтан НАТО-д элсэхээр  яарч буй скандинавчуудын гишүүнчлэлийг дэмжихгүй гэдгээ эвслийн нөлөө бүхий гишүүн болох Турк улс шуудхан мэдэгдсэн билээ.


Энэ нь хоёр үндсэн шалтгаантай болохыг дурдвал: Туркийн эрх баригчдын хувьд “террористууд” болох Курдын Ажилчны нам ба Сирийн Ардчилсан хүчний гишүүд Швед, Финландад улс төрийн орогнол хүсэж, цагаачлан амьдарч байгаад Анкара маш их дургүйцдэг.  Тэднийг нутагтаа орогнуулахгүй байх, Туркэд шилжүүлэн өгөхийг шаарддаг.


Нөгөөтэйгүүр, Туркийн арми 2019 оны 10 дугаар сард Сирийн хойд нутгаас Курдын зэвсэгт отрядуудыг шахан гаргах ажиллагааг эхлүүлсний хариуд НАТО болон Швед, Финланд хоёр Туркэд зэвсэг нийлүүлэхээ зогсоосон билээ. Үүнээс өмнөхөн Оросын С-400 зенитийн пуужингийн цогцолборыг худалдан авсан Туркийг америкчууд Ф-35 сөнөөгч онгоц үйлдвэрлэх  хөтөлбөрөөсөө хассан байна. Тэгэхээр Скандинавийн хоёр улсыг НАТО-д элсэхэд нь дэмжсэнийхээ хариуд туркууд дээрх хоёр хоригийг цуцлуулах зорилготой байсан нь нууц биш. 

Арын эгнээнд зүүн гар талаас: Й.Столтенберг, Р.Эрдоган, Финландын Ерөнхийлөгч Саули Нийнестё, Шведийн Ерөнхий сайд Магдалена Андерссон нар


Тэгвэл Мадридын уулзалтын үеэр гурван тал уг асуудлыг нэг мөр шийдсэнээр Турк улс хүссэн зүйлээ авч чаджээ. Тодруулбал, уулзалтын эхний өдөр Швед, Финланд, Туркийн Гадаад хэргийн сайд нар хамтарсан санамж бичигт гарын үсэг зурснаар “талуудын аль нэгэнд аюул учирсан тохиолдолд бие биедээ бүрэн дэмжлэг үзүүлэх”-ээр тохиролцсон байна.


Туркийн Ерөнхийлөгч Р.Эрдоган Мадрид руу нисэхийнхээ өмнө сэтгүүлчдэд хандан мэдэгдэхдээ “бидэнд хоосон үг яриа бус бодит үр дүн хэрэгтэй” гэж байв. Тохиролцсоны дагуу, террорист ажиллагаа үйлдсэн хэрэгт буруутгагдаж буй цагаачдыг Туркэд шилжүүлэн өгөхийг Швед, Финланд хоёр зөвшөөрсөн бололтой.


“Швед, Финландын хувьд НАТО-д элсэх замыг нь нээж буй тохиролцоонд бид хүрч чадлаа. Зэвсгийн экспортыг сэргээх, терроризмын эсрэг тэмцэлтэй холбоотой Турк улсын ашиг сонирхлыг харгалзан үзсэний үндсэн дээр хамтарсан санамж бичигт гурван тал гарын үсэг зурсныг мэдээлэхэд таатай байна” гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Й.Столтенберг хэллээ.  


Б.Адъяахүү 

Эх сурвалжууд: voanews.com; bbc.com

Холбоотой мэдээ