Сиднейн оршин суугчдад нүүх зөвлөмж хүргүүлжээ

ДЭЛХИЙД | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2022-07-04 16:34:13

КАНБЕРРА. /VOA/. Австралийн Сидней хот болон зэргэлдээ орших бүсээр хүчтэй аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаатай холбогдуулан 30 мянга гаруй оршин суугчид нүүх, нүүлгэн шилжүүлэхэд бэлтгэлтэй байх зөвлөмж хүргүүлжээ.


Даваа гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Шинэ Өмнөд Уэльс мужийн Тэргүүн сайд Доминик Перроттет Австралийн зүүн өмнөд нутгийн мужид нүүлгэн шилжүүлэх 64 сэрэмжлүүлэг, 71 тушаал гарсан гэдгийг мэдээлсэн байна.


Мөн зарим зам усанд автаж, зарим нь үерийн гамшигт өртөх эрсдэлтэй байгаа тул нийтийн тээвэр зэргээр зайлшгүй шаардлагагүй тохиолдолд зорчихоос зайлсхийхийг зөвлөжээ.


Өнөөдөр Австралийн Цаг уурын товчооноос мэдээлснээр, сүүлийн хоёр хоногт Сиднейн зарим хэсгээр 200-350 мм хур тунадас орсон бөгөөд даваа гарагт Сиднейд 120 мм хүртэлх хур тунадас унаж болзошгүй байна.


Мөн Непеан голын усны түвшин нэмэгдэж байгаа тул голын эргийн дагуу үерийн аюул нүүрлэх эрсдэлтэйг анхааруулжээ. 

Холбоотой мэдээ