ГОВЬ-:АЛТАЙ: Эрт илрүүлгээр хавдрын 22 сэжигтэй тохиолдол илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-07-05 17:09:03

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн улс даяар иргэдээ эрүүл мэндийн эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамруулж эхэлсэн. 

Говь-Алтай аймгийн тухайд нийт 37720 хүн эрт илрүүлийн үзлэг, оношилгоонд хамрагдахаас долоодугаар сарын 5-ны байдлаар 1150 буюу 3 хувь үзлэг, оношилгоонд хамрагдаад байна. Үүнээс харахад иргэд өөрийн эрүүл мэнддээ анхаарал тавихдаа сул, идэвхгүй байна. Хамрагдсан байдлыг сумдаар нь авч үзвэл Гуулин, Баянтоорой тосгоноос хамгийн цөөн хүн хамрагдсан бол Тонхил, Халиун, Цогт сумаас хамгийн олон буюу 30 гаруй иргэн үзлэг, оношилгоонд хамрагджээ. 

Нийт хамрагдсан иргэдээс 18-30 насныхны идэвх муу, 46-60 насны иргэд идэвхтэй байгаа аж. Тодруулбал, эрт илрүүлийн үзлэг оношилгоонд хамрагдсан 1150 иргэнийг насаар нь ангилбал: 

-18-30 насны 91

-31-45 насны 361

-46-60 насны 453

-61-ээс дээш насны 234 иргэн байгаа аж. Мөн тэдний дийлэнх хувь буюу 808 нь эмэгтэйчүүд байгаа ба 30 хүрэхгүй хувь нь эрэгтэйчүүд байгаа тухай тус аймгийн ЭМГ-ын Нийтийн Эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Сугар мэдээлэв. Тэрээр цааш нь хэлэхдээ: 

-“Үзлэг, оношилгоонд хамрагдсан иргэдээс хавдрын сэжигтэй 22 тохиолдол илэрч, дараагийн шатлалын эмнэлэг буюу ХСҮТ-д холбогдох шинжилгээг илгээгээд байна. Эдгээрээс элэг, нойр булчирхай, бамбайн хавдрууд хамгийн олон тохиолдож байна. Мөн нийт хамрагдсан иргэдийн 22,1 хувьд нь хоол боловсруулах эрхтэн системийн өвчлөлүүд илэрч байна” хэмээн онцлон хэлж байлаа.  Харин үзлэг, оношилгоонд хамрагдсан иргэд: 

-“Анх удаа эрүүл мэндийн багц үзлэг, шинжилгээнд хамрагдаж байна. Өөрийгөө ямар нэгэн өвчлөлгүй, эрүүл саруул гэж бодож явсан. Гэтэл өмнө нь сонсож байгаагүй эрхтэн системийн өвчин эмгэгтэй байсан байна. Хамгийн чухал нь эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж өвчнөө эрт үед нь мэдэж эмчилгээгээ цаг алдалгүй эхлэн эрүүл саруул болох боломжтой боллоо. Иймд та бүхэн хоёр, гуравхан өдрийг өөрийнхөө эрүүл мэндэд зориулж, эрт илрүүлгийн үзлэг, оношилгоондоо идэвхтэй хамрагдахыг уриалж байна” гэлээ. 


Холбоотой мэдээ