Энэтхэгийн тэмцэгч 16 жил үргэлжилсэн өлсгөлөнгөө зогсоов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-08-10 13:34:43

ШИНЭ-ДЕЛИ. /Anadolu/. Энэтхэгийн хүний эрхийн төлөө тууштай тэмцэгчдийн нэг Иром Шармила 16 жилийн өлсгөлөнгөө мягмар гарагт зогсоожээ.

Тус улсын хойд нутгийн Кашмирын бүсэд үйлчилж буй Зэвсэгт хүчний тусгай эрхийн хуулийг Шармила эсэргүүцэн 2000 оны 11 дүгээр сараас нойтон өлсгөлөн зарлаж эхэлсэн юм. Тэр цагаас хойш түүнийг хамарт нь гуурс шургуулан хооллосоор байсан ажээ.

“Манипурын төмөр хатагтай” гэж алдаршсан Шармила Энэтхэгийн зүүн хойд нутгийн алслагдсан Манипур мужийн төв, төрөлх нутаг Импхал хотдоо цугласан олон сэтгүүлчдийн өмнө зөгийн бал долоосноор 16 жил үргэлжилсэн эсэргүүцлээ зогсоосон байна.

Өдгөө 44 настай тэрбээр сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “би үүнийг өөрчлөхийн тулд эрх мэдэлтэй болохыг хүсч байна. Би Манипур мужийн захирагч болохыг хүсч байна” гээд, 2017 оны эхээр болох мужийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгджээ.

Кашмирын бүс нутагт үүрэг гүйцэтгэж буй цэргүүд иргэдийг босогч хэмээн сэжиглэсэн тохиолдолд анхааруулж, сануулахгүйгээр шууд гал нээх эрхтэй гэх мэт цэргийн эрх дархыг нэмэгдүүлсэн олон заалт Энэтхэгийн Зэвсэгт хүчний тусгай эрхийн хуульд байдаг ажээ.


Г.Доржханд

Холбоотой мэдээ