ГОВЬ-АЛТАЙ: Аймаг байгуулагдсаны 99 жилийн ойн баяр наадам эхэллээ

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2022-07-10 14:17:35

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Хүннү гүрний 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, Ардын хувьсгалын 100, 101, Засагт хан аймгийн 464, Говь-Алтай аймаг байгуулагдсаны 99 жилийн ойн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа өргөн дэлгэр боллоо. 

Говь-Алтай аймгийн баяр наадмыг Засаг дарга О.Амгаланбаатар нээж хэлсэн үгэндээ 

“Алтайчууд бид өмнөх түүхийн өрнөн дэвжсэн, уруудан доройтсон учир шалтгааныг танин мэдэж, сургамж авч чадсанаар цаашид хөгжлийн өндөрлөгт хүрэх бодлогоо тодорхойлох туршлага олох төдийгүй их нутгаараа бахархах дархлааг залгамж үедээ дамуулж, монгол ондоошил, ялгарал, омогшлыг түгээн дэлгэрүүлж байна. 

Бидний өнгөрснийг бүтээж, өнөөдөрт хүргэсэн ахмад настнууд, өнөөдрийн түүхийг бичилцэж яваа идэр залуу үе, ирээдүйн хөгжлийг цогцлоох хүүхэд багачууд Алтай нутгийн ажилч түмний нөр их хөдөлмөрийн үрээр аймгийн эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт ахиц дэвшил гарсныг бахархалтайгаар дурдахад таатай байна. 

Баяр наадамд оролцож байгаа бөхчүүд, уяачид, харваачид, наадамчин олон баяр наадмаа хүндэтгэн, төрийн ёслол, зан уламжлалыг чанд сахиж, маргаан будлиангүй, ёс зүй, сахилга хариуцлагаа дээдлэн наадна гэдэгт итгэж байна” хэмээгээд сайхан наадах билгэт ерөөл өргөв. 

Мөн үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гарган Алтай нутгийнхаа хүндэтгэлийг хүлээсэн салбар салбарын эрхмүүд төрийн хүндэт далбаа, аймгийн тугаа мандуулсан юм. Үүний зэрэгцээ Ардын дуу бүжгийн "Алтай" чуулгын уран бүтээлчид шинэ шилдэг урлагийн үзүүлбэрийг наадамчин олны сонорт хүргэн, баяслыг авчирлаа.

Түүнчлэн төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчид, хүчит бөхчүүд, цэц мэргэн харваачид, спорт, соёл урлаг гэх мэт байгууллагын төлөөллүүд баярын жагсаалд оролцон наадамчин олонд хүндэтгэл үзүүлсэн юм. Ийнхүү Алтай нутгийн баяр нартай, хуртай эхэлж хурдан морьдын уралдаан, сур харваа, шагайн харваа, хүчит бөхийн барилдаанаар үргэлжилж байна.