ХӨВСГӨЛ: Цааатан фестиваль 17 дахь жилдээ боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-07-08 21:39:50

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт аялал жуулчлалын цар хүрээг өргөтгөх, цаатан иргэдийн соёлыг дэлхий нийтэд таниулах, сурталчлах зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулдаг "Цаатан фестиваль" 7 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Монтрэйвэл компаний Далай тур жуулчны баазад боллоо.


Тус аймагт  халх, дархад, цаатан, урианхай, буриад, хотгойд зэрэг олон ястан амьдардаг.   Тайгад цаа маллан  жилийн 4 улиралд нүүдэллэн амьдардаг иргэдийг Цаатан иргэд гэдэг.  Монгол орны хоймор нутагт өв уламжлалаа хадгалан амьдарч байгаа цаатан иргэдийн өвөрмөц аж амьдралын соёл, ёс заншил, цаатан бөөгийн ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, нутгийн иргэдийн амьжиргааны түвшнийг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 17 дахь жилдээ   өргөн дэлгэр боллоо.



 Хөвсгөл аймгийн хэмжээнд 1990-ээд оны үед цааны тоо толгой цөөрч 400 гаруй цаатай болж цаа устаж үгүй болох аюулд тулж байсан бол аймаг орон нутаг, төр засгийн зүгээс үндэстний цөөнх болсон цаан сүргийн цусыг ОХУ-ын Кызылээс сэлбэж цаатан иргэдийн амьдрал ахуйд онцгой анхааран ажилласны үр дүнд Хөвсгөлийн цаа 2000 гаруй болоод байгаа ажээ.



Цаатан иргэдийн соёлыг дэлхий нийтэд таниулах, сурталчлах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Цаатан фестиваль" -ийн үеэр иргэд тусгайлан бэлтгэсэн цаатан иргэдийн отогт зочилж, аж амьдралтай нь танилцаж, зургаа авхуулж, цааны сүүгээр хийсэн цагаан идээг сонирхон амталж байлаа. 


Мөн энэ үеэр ирсэн аялагч иргэд, гадаад дотоодын жуулчдын дунд үндэсний бөхийн барилдаан, шагайн харваа, хурдан морины  уралдаан болж, Хөвсгөл нуураар морьтой, завьтай аялал хийж байлаа.

 

 

 

Холбоотой мэдээ