Баяр наадмын өдрүүдэд хилийн боомтууд ажиллаж, экспорт хэвийн үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2022-07-14 18:12:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын БНХАУ-тай хиллэдэг боомтууд баярын өдрүүдэд амралгүй ажиллажээ.


УУХҮЯ-ны мэдээлснээр, нүүрс экспортын гол боомт Гашуунсухайт хилийн боомтод баяр наадмын өдрүүдээр нүүрс болон зэсийн баяжмал тээвэрлэлт хэвийн явагдаж байна. Нүүрс тээвэр өдөртөө 520-570 орчим тээврийн хэрэгслээр хил нэвтэрч байна. Мөн Тавантолгойгоос Цагаан хадны НАБТ-д ажлын өдөр 400 тээврийн хэрэгсэл, амралтын буюу бүтэн сайн өдөр 600-н тээврийн хэрэгслээр дундын тээврийг хийж гүйцэтгэж байна.

Тухайлбал, Үндэсний их баяр наадмын өдрүүд буюу энэ сарын 11-нд Шивээхүрэн боомтоор нүүрс тээврийн 137, Гашуунсухайт боомтоор 571, Ханги боомтоор 231 нийт 939 машин, зэсийн баяжмал тээврийн 47 машин Гашуунсухайт боомтоор, төмрийн хүдэр тээврийн 66 машин Бургастай боомтоор хил нэвтэрчээ.

Шивээхүрэн боомтоор энэ сарын 12-нд 143, Гашуунсухайт боомтоор 523, Ханги боомтоор 240 машин нийт нүүрс тээврийн 906 машин, Гашуунсухайт боомтоор 48 зэсийн баяжмал тээвэр, Бургастай болон Ханги боомтоор төмрийн хүдэр тээврийн 79 машин хил гарчээ. Харин энэ сарын 13-нд Ханги боомтоор 244 машинаар 17,860.8 тн, Гашуунсухайт боомтоор 547 машинаар 75,332.45 тн , Шивээхүрэн боомтоор 137 машинаар 20,532 тн нийт 928  машинаар 113,725.25 тонн нүүрс экспортлоод байна.

Хилийн боомтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж нүүрс тээвэр нэмэгдэж байна.

Холбоотой мэдээ