УЛСЫН БАГА ХУРЛЫН 1991 оны намрын чуулганы 10 дугаар сарын 10-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2022-07-20 12:28:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ өдрийн хуралдааны тэмдэгэлээс үргэлжлүүлэн танд хүргэж байна.


Р. Гончигдорж:- Үндсэн хуулийн нэр, үүн дээр Улсын нэр багтаж байна, тэгээд удиртгал энэ дээрээ хэлэлцүүлгээ эхэлье. Үндсэн хуулийн шинэчлэн боловсруулсан комиссоос асуух асуулт байвал асуултаа асууж хариултаа сонсъё.

Д. Балдан-Очир:-Их цаазын төслийг хэлэлцүүлэх тухай хууль байж болох тухай ярьж байсан. Үнэхээр олон санал ирсэн байна. Үндсэн хуулийн нэрийн тухай асуулгыг бүх ард түмнээр хэлэлцүүлэхэд хорин хэдэн мянган санал л ч юм уу хэчнээн саналыг нийлүүлэх тухай асуудал биш. Засаг захиргааны нэгжийн хуваарийн асуудлыг ард түмнээр хэлэлцүүлсэн тохиолдолд аймаг хэд байх вэ хошуу хэд байх вэ гэдгийг бас нэг үйлдвэрийн газар, намын байгууллага хамт олон гэдгээр хэхрэлцүүлэх асуудал биш гэж үзэж байна. Энэ дээр надад тодорхой тайлбар өгөөч. Хуулийг ард түмнээр хэлэлцүүлэх өөрийн механизм байх ёстой. Тийм нарийн механизмаар хэлэлцүүлсэн явцыг би ажиглаагүй байж болно. Жишээлбэл улсын нэрийн тухай гээд үзэхэд магадгүй...

Б. Чимид:- хэнээс асуугаад байгаа юм бэ?

Д. Балдан-Очир:- комиссын хэн ч байж болно. Чимид гуайгаас асууя.

Б. Чимид:- Энэ асуудлыг миний нэртэй холбож ярихыг би зөвшөөрөмгүй байна. УБХ-ын тогтоолоор хэлэлцүүлсэн, төрийн байгууллагууд эрхэлсэн, комиссын даргын албан даалгавар гарсан, хоёр удаа санал авсан, депутатын зөвлөгөөн хийж орон нутаг, засаг захиргааны нийт ажилтныг семинарласан. Балдан-Очир гишүүний саналыг хүндэтгэж хэлэхэд энэ ард нийтээр хэлэлцүүлэхийг ард нийтийн санал хураалттай хутгасан бололтой байна. Ард нийтээр хэлэлцүүлнэ гэдэг бол төрийн дээд байгууллагын шийдвэрээр олон түмний дунд тавьж олны санаа бодол судалдаг ийм хэлбэр. Ард нийтийн санал хураалт буюу дэлхий нийтийн хэлээр энэ хуулийг батлах уу, үгүй юу гэсэн хоёрхон асуудлаар, эсвэл аймгийг цөөлөх үү үгүй юу асуудлаар за, үгүй гэсэн хоёрхон хариутайгаар авдаг ийм хэлбэр дээр хууль гаргадаг. Тийм хууль гаргана гэдэгт энэ Үндсэн хуульд хувьтай нь хэлсэн байгаа. Үндсэн хуулийн төсөлд Балдан -очир гишүүний тэр санаа бол туссан. Хуучин шигээ болсон гэвэл хэтрүүлэг олох болов уу. Энэ талаар би торуулахыг хүсэхгүй байна.

П. Очирбат:- Төслийг бүрэн төгс боловсронгуй хэлэлцүүлсэн гэж комисс үзэхгүй байгаа. Иргэн болгоныг энэ төслийг хэлэлцэхэд заавал оролц, ямар нэгэн санал хэл гэж албадаагүй. Ямарваа саналыг түүний тавьж байгаа хэлбэрийг эс харгалзан бүгдийг нь хүлээн авсан. Тусгасан гэдэг бол өөр хэрэг. Зүгээр олон нийтийн зарим хэсгийн, хүмүүсийн зарим ярьж байгаагаар магадгүй тэр жаахан хөөргөсөн, дэвэргэсэн дүгнэлт байж магадгүй. Ер нь манай 70 насныхны   дотор би олон баримт бичгийн хэлэлцүүлгийг үзсэн. Төрийн намын. Энэ удаагийн Үндсэн хуулийг хэлэлцүүлсэн шиг ийм өргөн хүрээтэй ийм ажил хэрэгч болж байгааг сайн санахгүй байна гэсэн тийм яриа гарсан гэж дуулдаж байна билээ.Энэ хэлэлцүүлэг дээр дутагдал байсан байх гэдгийг бид огт үгүйсгэхгүй байна. Ер нь сайн хэлэлцүүлэхийг хичээсэн Энийг УБХ-ын гишүүд өөрсдөө мэдэж байгаа.

Д.Цог-Очир:- Монгол улсын Үндсэн хууль гэж бичээд хаалт дотор Их цааз гэж бичжээ. Түрүүчийн төсөл дээр Их цааз гээд Үндсэн хууль гэдгийг хаалтад хийсэн байсан. Их цааз гэдгийг бүр авчхаж болохгүй юу? Хаалт дотроос. Ер нь Их цааз гэдэг маань Үндсэн хууль юм эсвэл Үндсэн хууль маань их цааз юм гэсэн холбоос ойлголтыг заавал ингэж хийх шаардлага байна уу, ямар үндэслэл байна вэ энийг л асуух гэсэн юм.

Р. Гончигдорж:-эрхэм гишүүд хүлцэж дуугүй байцгаавал зүгээр байна. Та бүхэнд хэнд нь ч хэдийд ч үг хэлэх боломж байгаа. Ганцхан хугацаа дарааллын хувьд тэвчих асуудал байх шиг байна.

Б. Чимид:- Их цааз гэж нэрлэсэн төсөл УБХ баталсан. Ийм учраас УБХ-аар оруулж шийдье гэдэг үндсээр тавьсан. Тэгэхдээ комисс Үндсэн хууль гэдгийг нь авах уу даа гэдэг ийм саналтай байгаа юм. Одоо хоёр нэрэн дээр хэлэлцэх хэрэгтэй болж байгаа юм. Хоёр нэрийн талаар социологийн шинжилгээний ажилтнуудын хүрээнд асуулга явуулахаар социологийн судалгаа явуулахаар /төр, нийгэм судлалын академи судалгаа явуулсан/ 40 хувь хуульчид оролцсон. Их цааз гэдгийн төсөл дээр 30,8 хувь Үндсэн хууль гэдэг төсөл дээр 44 хувь Их засаг гэдэг нь 20,9 хувь ингээд 50-иас илүү хувь нь хуучин нэрээ өөрчилье гэсэн байх жишээтэй. Комиссын санал гэвэл Үндсэн хууль гэдэг хуучин нэрээрээ явахад болохгүй гэх газаргүй. Тэгэхдээ УБХ-аас баталсан их цааз гэдэг нэрийг сох аваад хаячихгүйгээр оруулж хэлэлцүүлье гэсэн юм.

Р. Гончигдорж:- ингээд шууд санал хурааж шийдэх нь зүйтэй боллоо. Гол асуудал Үндсэн хуульдаа оноосон нэр өгөх үү, эс өгөх үү гэдэг асуудал дээр байх шиг байна.Оноосон нэр өгвөл ямар нэр өгөх вэ?

Ц. Элбэгдорж:- санал солилцоод хураая. Энэ чинь асуулт яваад дууслаа шүү дээ. Одоо саналаа хэлмээр байна шүү дээ.

Р. Гончигдорж:- санал хураалт явуулъя. Хэрэв санал хураагаад цөөнх болбол цөөнхийн тайлбар....

Гү. Лхагважав:- УБХ-ын дарга Монгол улсын нэрээс эхэлнэ биз дээ.

Р. Гончигдорж:- улсынхаа нэрийг Монгол улс гэж нэрлэе гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 32,
  • татгалзсан 9,
  • түдгэлзсэн 0,

Монгол улс гэсэн нэр төсөлд олонхоор (41)оруулах саналтай байна. Хувь 78,5. Дараа нь Монгол улсын Үндсэн хууль гэх үү, Их цааз гэх үү гэсэн ийм хоёр салбарлал байна. Энд оруулж ирсэн үндсэн санал дээр нь Үндсэн хууль гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 24,
  • татгалзсан 12,
  • түдгэлзсэн 4, Үндсэн хууль гэж нэрлэхийг олонх нь дэмжиж байна.

Монгол улсын Үндсэн хууль гэсэн нэртэй байна гэж. Дараа нь ямар нэгэн шууд хэлбэрээр хаалтад байлгах уу, үгүй юу асуудал тавих юм бол тэрэн дээр....

Ц. Элбэгдорж:- хаалтад оруулж АИХ-д оруулах шаардлагагүй. Эндээс нэг нэр тогтох хэрэгтэй.

Р. Гончигдорж:- Элбэгдоржоо өөрөө яагаад ч юм бэ зөвшөөрөлгүй хамгийн түрүүнд дугараад байх юм.

Ц. Элбэгдорж:- би цөөнх болж саналаа хэлж байна. УБХ-аас нэг нэр шийдэж тогтож, оруулах нь зөв гэж үзэж байна.

Гү. Лхагважав:- Их цааз нь зөв гэж би бас бодож байгаа. Үндсэн хууль гэдэг бол цэвэр орчуулгын үг. Яагаад гэхээр конституция гэдэг санаа эндсэн хууль ерөөсөө байхгүй байгаа. Зөвлөлтийн үндсэн хуулийг харъя л даа Основной закон гэчхээд конституция гээд аваад яваад байгаа юм. Конституция гэдэг маань хамтраад барья гэсэн тэр санаа. Үндсэн хууль гэдэг бол хуулиудын хурал гэдэг санаагаар бид явах уу, үгүй юу гэдэг дээр байгаа юм. Ийм орчуулга байгаад би дургүй байгаа юм.

М. Энхсайхан:- Бага хурлын гишүүдийн анхааралд хандуулах нэг асуудал байгаа юм. Тэр юу вэ гэхээр аливаа асуудлыг шийдэхдээ тооны олонхоор шийдэх байх. Тэгэхдээ тооны олонх хэзээ зөв байдаг вэ гэдэг нөхцөлийн тухай ойлголт авах нь зүйтэй гэж бодож байна. Урьд нь бид олон үзэл сайн дэлгэрч чадаагүй, ардчилал сайн байгаагүй ийм нөхцөлд тооны олонх дандаа буруу шийдэлд хүргэх нөхцөлийг бүрдүүлж байсан. Энэ асуудал яригдах байх. Үндсэн хууль, Их цааз гээд ярихад Их цааз гээд төсөлд оруулаад хэлэлцүүлэхэд мэдээж ирүүлж байгаа саналууд дандаа тэр талаар ирнэ. Хэрэв Үндсэн хууль гэж төсөл оруулаад олон түмэнд хэлэлцүүлсэн бол энийг эсэргүүцэх санал зөндөө орж ирнэ. Ирж байгаа санал дээр аль нь олонх болж байна гэдэг дээр болгоомжтой, хандахгүй бол болохгүй шүү гэдэг ерөнхий юм хэлэхгүй бол боломгүй байна. Их цааз гэдгийг дэмжиж байгаа хүмүүс үнэндээ юмаа бичиж ирүүлэхгүй шүү дээ. Яагаад гэвэл төсөд дээр бичигдсэн учраас. Ер нь хэзээ тооны олонх зөв байдаг вэ гэдэг нөхцөлийн тухай ойлголттой байж яримаар байна.

Д. Маам:- Их цааз гэдэг саналыг түрүүчийн хэлэлцүүлэг дээр би санал өгсөн. Ганцхан би ч биш. Бага хурлын гишүүдийн дийлэнх олонх биш байлаа ч гэсэн олонх нь өгсөн. Ийм учраас хэлэлцүүлэгт Их цааз гэдгээр Харин Үндсэн хууль гэдэг нь хаалтад явсан. Энийг эргэж сануулах нь жинхэнэ цагаан олсон хэрэг болов уу гэж санаж байна. Бага хурал тэр үед нэг талаар иргэдийн судалгааны үзүүлэлт болсон, нөгөө талаар төрийн хүмүүс үгээ хэлсэн. Тэрийг бид эргэж санах ёстой болов уу. Сүүлчийн хүмүүстэй санал нэг байна. Тэгээд санал дахин хураалгах горимын саналтай байна.

Р. Гончигдорж:- одоо дахин санал хураалтдаа орвол яасан юм бэ? Хамгийн гол холбогдох зүйлүүдээ ярьчихлаа Ер нь цөөнх болж санал хэлэхэд тоонд хязгаар тавьж байвал яасан юм бэ?

Д. Лүндээжанцан:- Их цааз гэдэг үгийг хүмүүс цочир хүлээж авсан л даа. Хэлэлцүүлгийн явц дахь гурван сарын хугацаанд чихэнд дасаад Их цааз гэдэг бол Үндсэн хууль, гол хууль юм гэдэг санаа тогтож ирсэн.Тийм учраас их цаазаар ард түмнээр хэлэлцүүлсэн Үндсэн хууль гээд бага хаалтад Их цааз нь давхар явж хэлэлцүүлбэл яасан юм бэ? Элбэгдорж гишүүн нэг нэртэй байна, дахин хураая гэж байна. Миний хувьд хоёр нэрээр Их хуралд орох нь зүйтэй гэсэн санал байна.

Г. Зуунай:- Үндсэн хууль гэдэг дээр олонхын санал авчихлаа. Миний санал дахин санал хураалгүй, олонхын саналаар явмаар байна. Хэрэв санал хураавал гурав дахь хувилбарыг бас хураах ёстой. Би ямар шугаман дээр байгаа вэ гэхээр Их засаг, Засаг хууль гэдэг дээр байгаа.Лхагважавын хэлдэг үндэслэл бол маш үнэн. Үндсэн хууль гэсэн жинхэнэ үгийн гарлыг хөөх юм бол бие галбир гэсэн үг. Тийм учраас энэ чинь засгийн бүтцийн тухай хууль гэж ойлгож байгаа Үндсэн хуулийг. Үндсэн хуулийн бүтцийг аваад үзэхэд ямар засагтай байх вэ? Ямар төртэй байх вэ? Тийм учраас засаг хууль буюу Их засаг гэсэн хууль бол хэл зүйн хувьд хамгийн оносон нэр. Миний санал бол эхлээд олонх дээр захирагдсан нэг саналдаа хүрвэл яасан юм бэ гэсэн саналтай байна.

С. Баярцогт:- би бас цөөнхөд хамрагдаж байна. Нэг саналтай орох нь зүйтэй. Гэхдээ би ийм л юмнаас эмээгээд байгаа юм. Хуулийн систем маань 4 хуваагдаж ирсэн. Манай хууль тэртээ тэргүй тэр социалист гэдэгт багтаж явж байсан, тэрнээс гарч байгаа. Улсын улс төрийн бодлого ямар нэг хэмжээгээр байгаа. Зүгээр л нэг оноосон нэр өгөх үү, үгүй юу Үндсэн хуулиараа байх уу гэсэн тийм зарчимгүй өнгөцхөн асуудал биш гэж ойлгоод байгаа юм. Социалист гэгдэж байсан хуулийн тэр системээс нэг мөсөн гарч өөрийнхөө байдлыг илэрхийлж, өөрийнхөө юмаар юмыг нэрлэж ядаж байгаа энэ хэлбэрээр, үгүй ядаж орчуулагдаад ар тал нь Их цааз гэдэг нь монголоороо бичигдэж байгаасай, энэ утгаараа Их цааз гэдгээрээ байж байх нь зүйтэй байна. Гэхдээ энэ дээр улс төрийн бодлого байгаа гэсэн утгаараа бид энэ нэр дээр хатуу зогсох ёстой. Ийм санал байна.

Ш. Шагдарсүрэн:- Баярцогт зүйтэй ярьж байна гэж би ойлгож байна. Ухаандаа бид хоёрын хооронд юм хийгээд явах уу? Аль эсвэл өөрийнхөө юмыг тавих газар нь тавиад цааш явах уу гэдэг дээр л бид бодож үзэх ёстой. Энэ үүднээс нь авч үзвэл үнэхээр Их цааз гэдэг нэрээ бид өөрийнхөө бодол саналаараа өгөөд явах нь  чухал гэдгийг хэлмээр байна. Үнэхээр орчуулга мөн үү гэвэл (Үндсэн хууль) мөн. Мөн учраас орж ирсэн цаг хугацааны тухайд бид ярьж байгаа юм.

Р. Хатанбаатар:- Үндсэн хууль гэж шийдээд АИХ-д орууллаа гэхэд депутатууд Их цааз гэдэг үг хаана байна гэж хэлээд энэ асуудлыг босгож тэртээ тэргүй маргалдах болно. Конституция гэдэг үгийг үндсэн хууль гэж орчуулж байгаа бол энийг улс болгон дээр янз янзаар ойлгодгийг бид нар бодолцох ёстой. Тухайлбал Швед улсад Үндсэн хууль гэдэг нэрийн доор 4 хууль байдаг. Ангил улсад бол тоо томшгүй олон хуулийг нэгтгэдэг. Ингэхээр бид энэ хуулиа онцгойлон зааж өгөх ёстой. Конституция гэдэг ийм ерөнхий нэрэн доор биш Их цааз ч юм уу, Их засаг ч байна уу энүүгээр онцгойлон зааж өгөх хэрэгтэй. Үндсэн хууль конституция гэдэг ойлголдон дор гадаадын олон улсуудад олон хуулиудын нэгдлийг ойлгодог шүү дээ. Энийг бид харгалзан үзэх ёстой.

С.Товуусүрэн:- Чингис хаан 1206 онд бичмэл хуулийг гаргахдаа Их засаг гэж нэрлэсэн. Бид энэ уламжлал руу эргэж харан гол хуулиа Их засаг гэж нэрлэх ёстой болов уу гэж бодож байна. Их засагт ерөнхий хөтөлбөр, засаг төрийн, олон улсын харилцааны хэм хэмжээ, эрүү, иргэний болон цэргийн, цаазын бүх юм багтдаг гэж манай эрдэмтэд зөвлөж ярьсан. Түүхчид, хэл зүйчид ингэж нэрлэе гэсэн саналтай байгаа. Их цаазын төслийг хэлэлцэж байх үед ийм зүйлийг олж уншсанаа энд хэлэхэд илүүдэхгүй болов уу гэж бодож байна.Хэрэв цөөнх гэж үзэж байгаа бол аль алин дээр нь санал хураалгаж өгнө үү. Их засаг гэж нэрлэх тэр 10 хувийн цөөнхөд би багтаж байгаа.

Б.Чимид:- нэгэн үе хууль цааз гэдэг үгийг үгүй хийсэн гэж зэмлүүлж явсан хүн. Өнөөдөр цааз гэдэг үгийг гаргаж ирлээ гэж зэмлэгдэж байгаа юм. Ярихад хэцүү байна. Гэхдээ энэ судалгаанд үндэслэгдсэн нэр шүү. Монголын хууль цааз гэдгийг цөмөөрөө мэднэ, тэр дотор Их цааз гэдэг бол манай түүхийн гол гол үеүдэд хуулиудаа нэрлэж байсан нэр, уйгуржин бичиг дээр өнөөг хүртэл уламжилж ирсэн хэвээрээ байгаа юм. Засаг хууль гэж яг тийм нэртэй хууль байсан гэдгийг баталсан эрдэмтэн өнөөдөр байхгүй. Тэр 1880-аад оноос эхлээд манай монголын эрхийн талаар Харбины их сургуулийнхан судлаад том ном гаргасан. Тэрэн дотор ясаа гэж бий. Марксын бүтээлд ясаа гэж бий. 1938 онд америкт хэвлүүлсэн дорно дахины судлалын монголын хуулийн тухай судалгаанд ясаа гэж бий . Манай монголчуудын 1936 онд судалсан гол тулгуур бүтээл байгаа. Тэрэн дотор Их засаг гэж хууль байгаа. Тэгэхдээ тэр хууль байсан юм биш, тэр үеийн заншлуудыг нэгтгээд, зарлигуудыг нэмээд, болд самбар дээр бичээд Их засаг хууль гэж нэрийдэв гэсэн байгаа юм. Засаг гэдэг үг маань өнөөдөр хүн бүхний дуртай үг болчхоод юм бүхэн дээр хэргэлдэг, ялгахаа байгаад байна.Би түүнд болгоомжтой хандаж үзээч ээ гэж, жинхэнэ тулгуураа авч үзээч ээ. Би яах вэ олшруулаад өгье гэж бодож байна.

Л. Цог- Очир:- Үндсэн хууль гэдэг бол үнэхээр орчуулгын нэр ойлгомжтой. Гэтэл их цааз гэдэг маань конституция гэдэг дээрээ хуулийнхаа агуулгыг бас багтааж чадахгүй. Бүрэн илэрхийлж чадахгүй байгаа юм. Их цааз гэдэг бол манай түүхэн уламжлалтай хуулийн нэр мөн боловч Чингис хааны үеэс эхлээд тэр үеийн хууль маань одоогийнх шиг засаг төрийн тогтолцоог хуваасан ийм хууль байгаагүй юм шиг байгаа юм. Тэр үеийн хууль жинхэнэ залхаан цээрлүүлэх, гэсгээх энэ чиглэлийн хуулиуд байсан тэрнийгээ Их цааз гэж нэрлэж байсан. Түүнээс биш одоогийн энэ Үндсэн хуультай адилхан хууль байгаагүй. Их цааз гэдэг энэ нэрийг Үндсэн хуульдаа авбал нөгөө агуулга нь бас зөрөөд байгаа юм шиг санагдаад байна. Тэгээд энэ хоёр аль аль нь тохирч өгөхгүй байна уу даа. Энэний дундаас конституция гэдэг үгэн дээр таарсан, тэрнийхээ агуулгыг гаргасан өөр нэр байдаг бол болмоор санагдаад байна. Ингээд санал хоёрдож суугаа хүн. Тэр утгаараа түрүүн Их цааз гэдгийгээ хуулийнхаа гол нэр болгоод хаалт дотор Үндсэн хууль гэж уншиж байсан. Одоо Үндсэн хууль гэдгээ гол нэр болгоод Их цааз гэдгээ хаалтад хийжээ. Энэ учир холбогдол юу байна вэ гэдэг асуулт тавьж байна. Ер нь бид нэр олж ирж чадахгүйгээс хойш хуулиудын Үндэс болсон тэр нэрээрээ явж байхад болохгүй юу байдаг юм бэ?

Р. Гончигдорж:- Үндсэн хууль гэдгийг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 20, 50,0 хувь,
  • татгалзсан 17, 42,50 хувь,
  • түдгэлзсэн 3, 7,5 хувь

Ц. Элбэгдорж:- Их цаазыг дэмжиж байгаа дээр санал хурааж өгөхгүй юу. Тэртэй тэргүй Их хурал дээр энэ яригдана шүү дээ хоёуланг үлдээе.

Р. Гончигдорж:- саяныхаа 50 хувийн саналыг үндэслээд яг ийм хэлбэрээр нь монгол улсын үндсэн хууль хаалт дотор Их цааз гэсэн ийм хэлбэрээр нь саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 17,
  • татгалзсан 18,
  • түдгэлзсэн 5,

Монгол улсын Их цааз гээд хаалт дотор Үндсэн хууль гэдгээ оруулъя гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 17,
  • татгалзсан 22,
  • түдгэлзсэн 1 байна.

Ц. Элбэгдорж:- Их цааз гэдэг нэртэй оръё гэдэг дээр санал хураалгаад өгөхгүй юу?

Р. Гончигдорж:- Монгол улсын Их цааз гэдэг ганц нэрээр оръё гэснийг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 21,
  • татгалзсан 20,
  • түдгэлзсэн 1, бүгд 42 байна. 

Танхимаас – Их засаг гэсэн нэг санал байгаа шүү дээ даргаа.

Р. Гончигдорж:- Их засаг гэдэг саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 6,
  • татгалзсан 31,
  • түдгэлзсэн 4, бүгд 41

Н. Жанцан:- Их цааз гэж дангаараа явах уу, эсвэл Үндсэн хууль гэж дангаараа явах уу гэдгийг дахиад нэг нэг санал хураамаар байна.

Р. Гончигдорж:-  гол араг ясаар нь хоёр хуваах юм бол хосолсон нэртэй байх уу, дагнасан нэртэй байх уу гэсэн ийм хоёр асуудал гараад байна шүү дээ. Тийм учраас ер нь хосолсон нэрийн тухай ярихаа больё Зөвхөн дагнасан нэрээр оруулъя гэсэн саналыг нийтээр хүлээн зөвшөөрсөн гэж ойлгоод энэ хоёр дээрээ саналаа өгье. Монгол улсын Үндсэн хууль гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 20,
  • татгалзсан 19,
  • түдгэлзсэн 2, олонх болохгүй байна. 

 Монгол улсын Их цааз гэснийг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 21, 51,22 хувь,
  • татгалзсан 19,  46,34 хувь,
  • түдгэлзсэн 1, 2,4 хувь,

За олонх болж байна. Монгол улсын Их цааз нэрээр явъя гэжээ.

  Үргэлжлэл бий.                                                                     Эх сурвалж: Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж

 

Холбоотой мэдээ