Иргэдийн саналыг Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн Засаг дарга долоо хоног бүрийн баасан гарагт иргэдтэй уулзалт хийдэг уламжлалтай. Энэ удаагийн уулзалтад оролцсон иргэдийн тавьсан санал хүсэлтийг аймгийн Засаг дарга газар дээр нь шийдвэрлэжээ.
Тухайлбал, “Өнгөрсөн хугацаанд хууль бусаар ажлаас халагдсан учраас буцаж ажилдаа орох, хууль бусаар олгогдсон газрын гэрчилгээг хүчингүй болгож ёс журмын дагуу газар өмчлүүлэх, ажилгүй иргэдийн тоо өсч байгаа учраас ажилтай орлоготой болгох, аймагтаа үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнийг дэмжиж ажиллах, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зэргээр 10 гаруй иргэн санал хүсэлтээ илэрхийлж дор бүрнээ асуудлаа шийдвэрлүүлж чадсан юм.
Аймгийн Засаг дарга С.Насанбат, “Бид та бүхний тавьсан санал, санаачлага, зөвлөгөө, шүүмжийг нэг бүрчлэн сонсож зарим бодлогын чанартай асуудлыг аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаж хэрэгжүүлнэ. Даруй шийдвэрлэвэл зохих асуудлыг газар дээр нь шийдвэрлэж байх болно. Аймаг, орон нутгаа хөгжүүлэхэд иргэд та бүхний үнэтэй санал зөвлөгөө туйлаас чухал” гэв.
Б.Норовсамбуу