ӨВӨРХАНГАЙ: Ц.Бумцэнд: Өвөрхангай аймгийнхаа айл өрхүүдийн хуванцар савны хэрэглээг халах зорилготой байна

ОРОН НУТАГТ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-07-26 13:49:24

Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Чиглэл” ХХК-иас айл өрхийн усны сав, сүү цагаан идээний хуванцар савыг  халж, зэвэрдэггүй ган сав нэвтрүүлэх ажлыг өрнүүлж байна. Өвөрхангай аймгийн түүхт 90, 91 жилийн ойн баяр наадмаар үйлдвэрийн нээлтээ хийж, иргэдэд Хаан банкны орлого нотлохгүй, идэвхтэй дансанд суурилсан лизингийн үйлчилгээгээр, борлуулалт хийж байгаа юм. Үйлдвэрийн захирал Ц.Бумцэндээс дараах зүйлийг тодрууллаа.


-     Үйлдвэрээ, мөн наадмын талбайд зохион байгуулж байгаа үйл ажиллагаа, үзэсгэлэнгээс танилцуулна уу?

-   Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Өвөрхангай аймагт хуванцар савны хэрэглээг халж, зэвэрдэггүй ган материалтай, нержин хийцийн савыг нэвтрүүлэхээр аймгийн Засаг дарга, Хаан банктай гурвалсан гэрээ байгуулсан юм. Энэ хүрээнд сүү цагаан идээ болон ундны усны ган савны үйлдвэрийнхээ нээлтийг хийлээ. Манай байгууллага хоол үйлдвэрлэл, хүнсний тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн чиглэлээр 32 жил үйл ажиллагаа явуулж байна.

-     Орон нутгаас зөвхөн Өвөрхангай аймагт үйлдвэрээ нээж байгаа юм байна. Мөн хэрэглэгчдэд борлуулалтын давуу талыг олгож байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-   Зөвхөн Өвөрхангай аймагт Хаан банкны Эко зээлийн салбартай гэрээ байгуулж, ямар орлоготой байхаас үл хамааран зөвхөн идэвхтэй дансаа үндэслэн зээлэнд хамрагдах боломжийг олгож байна. Ажил албатай, хувийн бизнестэй, тэтгэврийн гээд ямар ч хүн хамрагдаж болно. Энэ үйлчилгээг бусад 18 сумын Хаан банкаар дамжуулан авч болно.

Манай компаний хувьд эхний ээлжинд өөрийн төрж өссөн нутаг Өвөрхангай аймгийнхаа айл өрхүүдийн хуванцар савны хэрэглээг халж, эрүүл ахуйн шаардлага хангасан саваар хангая гэх зорилгоор үйлдвэрээ нээж байгаа юм. Яваандаа үйлдвэрийн салбарыг 18 суманд байгуулна. Үүний тулд орон нутгийн ажилгүй иргэд, залуусыг үйлдвэрлэгчээр сургаж ажлын байраар хангана. Ингэснээр нэг аймагтаа ажлын байр бий болгох, хоёрт хүн амын эрүүл мэндэд бодит хөрөнгө оруулалт хийх, гуравт манай байгууллага нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үүргээ гүйцэтгэж байгаа гэсэн үг. Нээлтийн үеэр наадамчин олондоо 32 сая төгрөгийн үнэ бүхий 170 гаруй төрлийн гурван мянган бараа бүтээгдэхүүний сугалааг явуулж, азтанууддаа ган хийцийн сав суулгыг гардууллаа.

-     Ямар бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг вэ?

-    Сүү, цагаан идээний сав, ундны усны сав, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллага, баар рестораны хэрэгцээнд тохирсон нийтийн хоолны сав суулга, цахилгаан тогоо,  мөн цорготой, доогуураа суллаад авах боломжтой, сэнжтэй хөхүүр хийж байна. Үйлдвэрлэлийн жижиг оврын тоног төхөөрөмж, 2-3 тоннын сав үйлдвэрлэдэг.

Хуванцар савны хор уршгийн талаар бүгд мэддэг хэрнээ орлуулах сав байхгүй учраас хэрэглээнд байлгасаар байдаг. Хуванцар савны хэрэглээг бууруулахын тулд оронд нь хэрэглэх, нержин хийцийн цэвэр сав суулгыг үйлдвэрлэх хэрэгтэй. Хүнсний чанартай сав суулгатай байж бид хүнсний аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай ярих боломжтой юм.

-     Танай үйлдвэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч зочилж байсан. Тэр үеэр ямар саналууд тавьсан бэ?

-   Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн”-ийг санаачлан эхлүүлж дотооддоо үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдтэй танилцсан. Энэ хүрээнд манай үйлдвэрээр зочлон очиход нь бидний зүгээс хүнсний  аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулахаар ажиллаж байгаагаа танилцуулж, ундны  усны савыг  эко зээлд хамруулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, савыг  саваар солих саналыг тавьсан. Ерөнхийлөгч манай үйл ажиллагаатай танилцаж, зөвлөгөө өгч сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд орон даяар үйлдвэрлэлээ өргөжүүлэхийг хүссэн.

-     Танай бүтээгдэхүүний үнэ өртөг ямар байдаг вэ?

-    Хуванцар савтай харьцуулахад үнэтэй. Учир нь түүхий эд материал нь өөрөө үнэтэй, мөн тээврийн зардал гэж ордог.  20 литрийн ган сав 180 мянга, 90 литрийн ундны усны ган савыг 380 мянгаар худалдаж байна. Нэг гэр бүлийг таван гишүүнтэй гэж үзэхэд 1-2 сая төгрөгөөр утас авч,тэрийгээ өдөр шөнөгүй “маажиж” өөрийгөө болон бусдыгаа хордуулдаг. Тэгвэл 380 мянган төгрөгөөр ундны усны сав худалдаж аваад гэр бүлийнхээ эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийж яагаад болохгүй гэж. Нэг авсан байхад үе дамжин хэрэглэх боломжтой, эдэлгээний хувьд маш сайн гэдгийг хэлье.

Хуванцар савыг халах бидний зорилгыг иргэд, хэрэглэгчид, төр засаг хаа хаанаа дэмжин ажиллавал бид ирэх жилийн наадмаар ган савны хэрэглээг бүрэн нэвтрүүлж, хүн бүр хуванцар савнаас биш, эрүүл мэндэд хор нөлөөгүй нержин ган хийцийн савнаас айраг цагаагаа худалдан авах боломж бүрдэнэ.

-     Хуванцар савны хор нөлөөг хэлвэл...?

-    Хуванцар сав нь бисфенол, хар тугалга, миламин зэргийг ялгаруулдаг. Тиймээс ийм саванд хийсэн усанд уг материалын найрлага дахь төрөл бүрийн химийн бодис шингэдэг учраас хор ууж байгаагаас ялгаагүй гэдгийг ДЭМБ болон эрдэмтэн, судлаачид тогтоосон байдаг. Хуванцар савны хор удаан хугацааны дараа дархлаа бууруулж, цус багадалт, элэгний хатуурал, чихрийн шижин, үргүйдэл, хөхний болоод савны хавдар, эр бэлгийн эсийн цөөрөл, арьсны өвчин, мэдрэлийн саажилт, ургийн гажиг үүсгэдэг.

Монголчууд ийм аюултай савыг хоол хүнсэндээ хэрэглэж, эрүүл мэнддээ хор хөнөөл учруулж байна. Эрүүл мэндээ алдчихаад эргээд мөнгө зарцуулдаг. Эрүүл мэндийг мөнгөөр худалдаж авах боломжгүй үе ч байдаг шүү дээ.

-     Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа та бүгдэд баярлалаа.

 

Холбоотой мэдээ