Люксембургийн Хамтын ажиллагаа, эдийн засгийн сайд айлчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-07-26 19:16:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Люксембургийн Их Гүнт улсын Хөгжлийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн тусламжийн сайд бөгөөд Эдийн засгийн сайд ноён Франз Фаё тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Төлөөлөгчдийг өнөөдөр Сангийн сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан, Монгол Улсаас Люксембургийн Их Гүнт улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Болд, Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Наранцогт, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат нар хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын харилцаа, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд ярилцлаа.



Люксембург улс Зүрх судасны үндэсний төвийн үйлчилгээг 2027 он хүртэл сайжруулахаар боллоо.


Монгол Улс Люксембургийн Их Гүнт улстай 1976 онд дипломат харилцаа тогтоон Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд олон төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж ирсэн байна. Тухайлбал:

  • Банк санхүүгийн салбарын ажилтнуудын чадавхыг дээшлүүлэх төсөл,
  • Зүрх судасны эрүүл мэндийн салбарын төсөл, 
  • Жирэмсэн эх болон нярайн эрүүл мэндийн салбарын төсөл,
  • БХЯ болон ОБЕГ-т зориулсан төсөл зэрэг хөгжлийн тусламжийн төслүүд хэрэгжүүлж иржээ.

Люксембургийн Засгийн газрын дэмжлэгээр манай улсын банк, санхүүгийн салбарын 1500 орчим мэргэжилтэн сургалтад хамрагдаж, 5 мэргэжилтэн магистрын зэрэг хамгаалжээ. Монгол Улсын “Зүрх судасны үндэсний төв байгуулах” төслийг Люксембургийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар амжилттай хэрэгжүүлж байна.


Тодруулбал, Зүрх судасны үндэсний төвийн хүчин чадлыг сайжруулах, эмч, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн “Зүрх судасны үндэсний төв ба тусламж үйлчилгээг сайжруулах тусламжийн төсөл”-ийг 2027 он хүртэл үргэлжлүүлэхээр боллоо. Төслийг үргэлжлүүлэх санамж бичигт Сангийн сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан, Люксембургийн Их Гүнт улсын Хөгжлийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн тусламжийн сайд бөгөөд Эдийн засгийн Сайд Ноён Франз Фаё нар гарын үсэг зурлаа.

Энэхүү төсөл өнгөрсөн 20 жил хэрэгжиж Монгол Улсын хүн амын дундах зүрх судасны өвчлөл, түүнээс шалтгаалсан нас баралтыг бууруулж, эрүүл мэндийг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн юм. Цаашид Улсын III төв эмнэлгийн зүрх судасны төвийн хүчин чадлыг сайжруулах эмч, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтын ажиллагаа ийнхүү үргэлжлэхээр болов

Холбоотой мэдээ