Люксембург улс Монголын эх, хүүдийн эрүүл мэндийн төсөлд 5 сая евро хандивлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-07-29 18:13:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МонголЛюксембург улс болон НҮБ-ын Хүн амын сангийн хооронд эх, хүүхдийн эрүүл мэндийн төслийг хэрэгжүүлэх протоколд гарын үсэг зурах ёслол өнөөдөр НҮБ-ын суурин төлөөлөгчийн байранд боллоо.

Тодруулбал, гурван тал “Урьдчилан сэргийлэх боломжтой эхийн эндэгдлийг арилгах ажлыг эрчимжүүлэх нь” төслийн протоколыг ёсчиллоо. Түншлэлийн тогтолцоонд үндэслэсэн төслийн баримт бичигт гарын үсэг зурснаар Люксембург улс 2022-2027 он хүртэл хэрэгжих дээрх төсөлд таван жилийн хугацаанд 5 сая евро хандивлаж байна.


Люксембургийн Их Гүнт улсын Засгийн газар 2007 оноос хойш 12 жилийн турш Монгол Улсад “Эх, нярайн эрүүл мэндийн зайн оношилгоонд дэмжлэг үзүүлэх” төслийг дэмжин ажилласан бөгөөд уг төслийг Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сантай хамтран эх, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор хэрэгжүүлсэн юм. Өмнөх 12 жилийн туршлага дээр тулгуурласан шинэ төсөл нь технологийн дэвшлийг ашиглан урьдчилан сэргийлэх боломжтой эхийн эндэгдлийг таслан зогсоох, гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээг арилгах, жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох чиглэлээр хэрэгжих юм.


Гарын үсэг зурах үеэр НҮБ-ын Хүн амын сангийн БНХАУ-д суугаа суурин төлөөлөгч, Монгол Улсыг хариуцсан захирал Др. Жастин Коулсон хэлэхдээ, “Төслийн энэхүү шинэ үе шат нь өмнөх ололт амжилтаа түшиглэн, урьдчилан сэргийлэх боломжтой эх, нярайн эндэгдлийг бууруулах чиглэлээр мэдээлэлд суурилсан бодлого, эрүүл мэндийн ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх, эмэгтэйчүүдийг хэрэгцээтэй эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах боломжийг баталгаажуулах зорилгоор орон нутгийн иргэдтэй хамтран ажиллана” гэдгийг онцлов.


Монгол Улсад айлчилж буй Люксембургийн Их Гүнт улсын Хөгжлийн хамтын ажиллагааны Хүмүүнлэг эрхэлсэн сайд, Эдийн засгийн сайд Франц Файот “Та бүхнийг хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлэхийг уриалж байна. Төслийн энэхүү шинэ үе шат нь бид хэрхэн илүү хамтын ажиллагааг бий болгох гэдэг дээр ач холбогдол өгч байгаа” хэмээн Люксембургийн санхүүжилттэй хоёр болон олон талт түншүүдийн хэрэгжүүлж буй төслүүдийг онцлов. Гарын үсэг зурсны дараа Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифи НҮБ-ын Хүн амын сан уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.


Тодруулга: НҮБ-ын Хүн амын сан нь 1970-аад оны сүүлээс Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлж эхэлсэн бөгөөд 1979 он болон 1989 оны Хүн ам, орон сууцны тооллого явуулахад хуучин Статистикийн төв газрыг шаардлагатай тоног төхөөрөмж болон сургалтаар хангаж иржээ. 1990-ээд оны эхээр эмнэлгийн албан хаагч нарт зориулсан сургалт явуулахын зэрэгцээ жирэмслэлтээс хамгаалах орчин үеийн хэрэгслийг хандивлах замаар эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжиж эхэлсэн юм.


Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хүн амын сан хоорондын анхны цогц улс орны хөтөлбөр нь 1992 онд албан ёсоор эхэлсэн бөгөөд энэ хөтөлбөр нь гэр бүл төлөвлөлтийн мэдээлэл, үйлчилгээг хүртээмжтэй болгох, түүнчлэн хүн ам зүйн мэдээллийн ашиглалтыг эрчимжүүлэх замаар Засгийн газрын хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдийг дэмжихэд чиглэж байв. НҮБ-ын Хүн амын сангийн 6 дахь Улс орны хөтөлбөр нь Монгол Улсад залуучуудын нийгэм дэх оролцоо, залуучуудын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрх, мөн эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй хийх үйл ажиллагааг гол болгож 2017 онд эхэлсэн. Одоогийн Улс орны хөтөлбөр нь 2017-2022 оны НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээний дагуу Монгол Улсад Тогтвортой хөгжлийн төлөөх зорилгуудад хүрэхэд дэмжлэг үзүүлж, НҮБ-ын бусад агентлагийн үйл ажиллагаатай нягт уялдаатай хэрэгжих юм.

Холбоотой мэдээ