Н.Пелоси тэргүүтэй АНУ-ын төлөөлөгчид Тайваньд айлчлах төлөвлөгөөгүй байна

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-08-01 09:47:01

ВАШИНГТОН. /Anadolu/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Сингапур, Малайз, Өмнөд Солонгос, Японд айлчлахаар ням гарагт Азийг зорьжээ. Н.Пелосигийн албан ёсны цахим хуудаст байрлуулсан мэдээлэлд Тайваньд хийх айлчлалын талаар дурдаагүй байна. 


"Төлөөлөгчид Сингапур, Малайз, Өмнөд Солонгос, Японд өндөр түвшний уулзалт хийж, энх тайван, аюулгүй байдал, эдийн засгийн өсөлт, худалдаа, “COVID-19” цар тахлын эсрэг тэмцэл, уур амьсгалын хямрал, хүний эрх, ардчилсан засаглал зэрэг нийтлэг ашиг сонирхол, үнэт зүйлсийг цаашид хэрхэн урагшлуулах талаар хэлэлцэнэ" гэж мэдээлэлд дурджээ.


Н.Пелосигийн айлчлалыг Төлөөлөгчдийн танхимын олон улсын харилцааны хорооны дарга Грегори Микс, ахмад дайчдын асуудал эрхэлсэн хорооны дарга Марк Такано, Төлөөлөгчдийн танхимын гишүүн Сюзан ДельБене, Тагнуулын байнгын хорооны гишүүн Ража Кришнамурти нар дагалдан явж байгаа аж.


Н.Пелоси айлчлалынхаа хүрээнд Тайваньд айлчилж магадгүй тухай мэдээ өнгөрсөн долоо хоногт хэвлэлүүдэд гарсан нь АНУ-Хятадын харилцааг хурцатгасан юм.


АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын даргыг Тайваньд айлчилбал "цэргийн ажиллагаа"-гаар хариу өгөхөд бэлэн байгаагаа Хятадын Батлан хамгаалах яам мэдэгдсэн. “Хэрэв АНУ ийм нэг талын алхмыг хийвэл Хятадын арми үүнийг зүгээр хараад суухгүй” гэж Батлан хамгаалах яам цохон тэмдэглэжээ. 


Хятадын Гадаад хэргийн яам мөн Америкийн Төлөөлөгчдийн танхимын даргын болзошгүй айлчлалд “нухацтай бэлтгэж” байгаагаа мэдэгдсэн юм. 


“Хэрэв “Америкийн тал өөрийнхөөрөө зүтгэсээр байх аваас Хятад улс шийдвэртэй хариу арга хэмжээ авч, сөрөн зогсох нь гарцаагүй. Бид хэлсэн үгэндээ хүрнэ” гэж ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбинь мэдэгдэв.


Түүнчлэн Тайвань болон тус арлын эргэн тойронд Хятадын цэргийн ажиллагаа нэмэгдсэн. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус улсын Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн хүчин байлдааны буудлагатай сургуулилалтыг Тайваньтай хоолойгоор тусгаарлагддаг Фүжянь мужид хийжээ. Үүнээс гадна, Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийн дөрвөн хэсэгт Гуандун, Хайнань мужид сургуулилалт хийсэн байна.


Бээжин Тайванийг Хятадын газар нутаг гэж үздэг боловч тус арал болон түүний засгийн газрын аль алиныг шууд хянадаггүй. 


Хамгийн сүүлд 1997 онд тухайн үед Төлөөлөгчдийн танхимын дарга байсан Ньют Гингрич Тайваньд айлчилж байжээ. 


Төлөөлөгчдийн танхимын дарга нь Америкийн Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч болон дэд Ерөнхийлөгч ямар нэг шалтгаанаар үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон тохиолдолд ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх тус улсын гурав дахь том албан тушаал юм.


Азид хийх энэ удаагийн айлчлалын зорилго бол “бүс нутаг дахь манай холбоотнууд, найз нөхөддөө Америкийн гуйвшгүй амлалтыг харуулах явдал юм" гэж Н.Пелоси твиттер хуудсандаа бичжээ.


Конгресс дахь 35 жилийн карьерынхаа туршид Н.Пелоси Хятад улсыг идэвхтэй шүүмжилж иржээ. Тэрбээр хүний эрхийг зөрчиж байгааг шүүмжилж, Хятадын тэрс үзэлтнүүдийг хүлээн авч уулзаж, 1989 оны Тяньаньмэний хэрэг явдлын хохирогчдод хүндэтгэл үзүүлэхээр уг талбайд очиж байсан байна. 


Н.Пелоси энэ оны дөрөвдүгээр сард Тайваньд айлчлахаар төлөвлөж байсан боловч коронавирусний халдвар авсны улмаас хойшлуулжээ. Н.Пелоси айлчлалынхаа талаар дэлгэрэнгүй ярихаас татгалзсан ч өнгөрсөн долоо хоногт "Тайванийг дэмжих нь чухал" гэж мэдэгдсэн юм.


Харин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэхдээ, тус улсын цэргийнхэн Пелосигийн Тайваньд хийх айлчлал нь “яг одоогоор зөв алхам биш” гэдгийг анхааруулсан гэжээ.

Холбоотой мэдээ