Дэлхийн аялал жуулчлалын салбар цар тахлын өмнөх түвшний тал орчим хувьд хүрч сэргэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2022-08-01 12:36:37

МАДРИД. /TASS/. Энэ оны нэгдүгээр сараас тавдугаар сарын хооронд дэлхийн аялал жуулчлалын салбар коронавирусний тахлын өмнөх түвшний тал хувьд хүрч сэргэсэн байна. Энэ тухай НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын (UNWTO) хэвлэлийн алба мэдээлжээ. 


"Олон улсын аялал жуулчлал эдийн засаг, геополитикийн ноцтой сорилтуудыг үл харгалзан цар тахлын нөлөөллөөс хүчтэй бөгөөд тогтвортой сэргэх шинж тэмдгүүдийг харуулсаар байна" гэж UNWTO-гийн хэвлэлийн мэдээнд онцолсон байна. 


2022 оны эхний таван сард дэлхийн аялал жуулчлалын салбарын үзүүлэлт эрчимтэй өсөж, 250 сая орчим хүн аялсан байна. 2021 оны нэгдүгээр сараас тавдугаар сарын хоорондох үзүүлэлттэй (77 сая) харьцуулахад энэ нь энэ салбар 2019 оны цар тахлын өмнөх түвшний тал шахам хувьд (46 хувь) хүрч сэргэсэн гэсэн үг юм. 


Долоодугаар сарын 22-ны байдлаар 62 чиглэлд (үүний 39 нь Европт) “COVID-19”-тэй холбоотой хязгаарлалтгүй байсан бөгөөд Ази тивд илүү олон газар хязгаарлалтаа сулруулж эхэлсэн байна. Гэсэн хэдий ч хүлээгдэж байснаас өндөр эрэлт хэрэгцээ нь үйл ажиллагааны болон боловсон хүчний ноцтой бэрхшээлийг бий болгожээ. UNWTO мөн Украины эргэн тойрон дахь нөхцөл байдал, инфляц, бодлогын хүү өсөж байгаа, мөн эдийн засгийн өсөлт удаашрах вий гэсэн болгоомжлол “салбарын сэргэлтэд үргэлжлүүлэн эрсдэл учруулна" гэж үзэж байна.


UNWTO-гийн шинжээчдийн таамаглаж байгаагаар “энэ онд олон улсын аялал жуулчлалын салбарын үзүүлэлт цар тахлын өмнөх түвшний 50-70 хувьд хүрэх төлөвтэй байна”. Гэхдээ өөрчлөгдөн буй нөхцөл байдлаас, гол төлөв аялахад тавьсан хязгаарлалт өөрчлөгдөхөөс, эрчим хүчний эх үүсвэрийн үнэ өндөр байгаа зэрэг үргэлжилж буй инфляцын өсөлт, мөн цар тахалтай холбоотой эрүүл мэндийн салбарын байдлаас шалтгаална гэдгийг шинжээчид тэмдэглэжээ. 



Холбоотой мэдээ