Цэргийн сургуулилалтаа нэн даруй зогсоохыг шаарджээ

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-08-05 11:08:00

ТОКИО. /TASS/. Тайванийн хоолойд явуулж буй цэргийн сургуулилалтаа нэн даруй зогсоохыг Токио Бээжингээс шаарджээ. Энэ тухай Японы Ерөнхий сайд Кишида Фүмио АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоситой уулзсаныхаа дараа мэдэгдсэн байна. 


“Хятад улсын харвасан пуужингууд манай улсын эдийн засгийн онцгой бүсэд унасан нь манай улс, хүн амын аюулгүй байдлыг аюулд оруулж буй ноцтой асуудал юм. Бид Хятад улсыг эрс буруушааж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Үүнээс гадна, энэ удаад Хятадын үйл ажиллагаа бүс нутгийн төдийгүй дэлхийн энх тайван, тогтвортой байдалд ноцтой нөлөөлж байна. Бид цэргийн сургуулилалтаа нэн даруй зогсоохыг шаардсан” гэж тэрбээр хэлжээ.


АНУ-ын Конгрессын Төлөөлөгчийн танхимын даргын Тайваньд хийсэн айлчлалын хариуд БНХАУ арлыг тойрсон зургаан бүсэд байлдааны буудлагатай, томоохон хэмжээний цэргийн сургуулилалтыг пүрэв гарагт эхлүүлсэн билээ. 


Сургуулилалтын эхний өдөр Тайванийн хоолойн зүүн хэсэгт Хятад улс хол тусгалын их буугаар гал нээжээ. ХАЧА-ийн Зүүн бүсийн байлдааны командлалын мэдэгдэлд зэвсгийн төрлийг тодорхой заагаагүй боловч Хятадын төв телевизээр гарсан бичлэгээс үзэхэд тус улсын зэвсэгт хүчин бөөнөөр галлагч “PHL-191” тийрэлтэт системүүдийг ашигласан байна. Эдгээр нь Хятадын хамгийн сүүлийн үеийн пуужингийн цогцолборууд бөгөөд 2019 онд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан Бээжинд хийсэн жагсаалын үеэр анх олон нийтэд үзүүлсэн юм. 


Үүний дараа ХАЧА-ийн пуужинт ангийн цэргүүд баллистик пуужингууд харважээ. Тайванийн эрх баригчдын мэдээлснээр, 11 пуужин харвасан байна. Харин Японы Батлан хамгаалах яам есөн пуужин харвасан гэж мэдээлжээ. Үүнээс таван пуужин нь Японы эдийн засгийн онцгой бүсэд унасан гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Киши Нобуо мэдэгдсэн байна. Түүнчлэн дөрвөн баллистик пуужин ийм сургуулилалтын түүхэнд анх удаа Тайванийн дээгүүр, яг нийслэл Тайбэй хотын дээгүүр өнгөрчээ. 


Хятад улс ямар ангиллын пуужингууд харваснаа мэдээлээгүй байна.  Гэсэн хэдий ч Хятадын төв телевизээр гаргасан бичлэгээс үзэхэд ХАЧА нь 1000 хүртэлх км зайд байдаа оновчтой тусдаг ойрын зайн тусгалын пуужин харвах “DF-15B” хөдөлгөөнт цогцолборыг ашигласан байх магадлалтай байна.  


Холбоотой мэдээ