ТӨВ: “Үндэсний цом-2022” тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг “Үндэсний Цом-2022”, 21 аймгийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээн Увс аймагт зохион байгуулагдаж Төв аймгийн баг тамирчид Дэд байрт шалгарч мөнгөн медалийн эзэд боллоо.
П.Алтангэрэл ахлагчтай Төв аймгийн баг нийт 16 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр Б.Анхбаяр дасгалжуулагчийн удирдлага дор оролцжээ.
Монголын хөл бөмбөгийн холбооны 21 аймгийн Аварга шалгаруулах тэмцээний Нэгдүгээр шатны хүрэл медалийн төлөө Сэлэнгэ аймгийн шигшээ багийг хожсон Өмнөговь аймгийн шигшээ баг, мөнгөн медалийг Төв аймгийн шигшээ баг, аваргын алтан медаль, цомын эздээр Баян-Өлгий аймгийн шигшээ багт тодорч Төв аймагтай хамт 2023 оны 21 аймгийн Аварга шалгаруулах тэмцээний Дээд шатанд өрсөлдөхөөр боллоо.
Төв аймаг сүүлийн жилүүдэд хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэх зорилгоор олон улсын стандартад нийцсэн талбай, Монголын хөл бөмбөгийн холбооны төв зэрэг ажлууд хийгдсэнээр багийн амжилт тогтмол өсч байгааг багш, дасгалжуулагчид дурдсан юм.


