ШӨХТГ-аас есөн банкийг тус бүр 20 сая төгрөгөөр торгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Аригбанк” ХХК, “ХААН банк” ХХК, “Худалдаа хөгжлийн банк” ХХК, “Тээвэр хөгжлийн банк” ХХК, “Хасбанк” ХХК, “Богдбанк” ХК, “Голомтбанк” ХХК, “Капитронбанк” ХК, “Төрийн банк” ХХК-ийг хууль зөрчсөн үйлдэлд тус бүр 20 сая төгрөгийн торгох шийтгэл оногдууллаа.
Тодруулбал, тус банкуудад зээлдэгчийн төлж буй 0.5-1 хувийн шимтгэлийг тухайн зээлдэгчид зарцуулж байгаа эсэх талаар шалгахад зээл үүсгэх харилцаа, зээлийн өргөдөл зэрэгт гарах зардлын талаар тодорхой тооцоо судалгаа гаргаагүй, бодит зардалтай нь уялдуулахгүйгээр тогтоосон нь илэрсэн байна. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4-ийн 4.7-г зөрчиж хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан гэж үзлээ.
Иймд “Аригбанк” ХХК, “ХААН банк” ХХК, “Худалдаа хөгжлийн банк” ХХК, “Тээвэр хөгжлийн банк” ХХК, “Хасбанк” ХХК, “Богдбанк” ХК, “Голомтбанк” ХХК, “Капитронбанк” ХК, “Төрийн банк” ХХК-ийн хууль зөрчсөн үйлдэлд тус бүр 20 сая төгрөгийн торгох шийтгэл оногдууллаа. Мөн дээрх 9 банкинд зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоож, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах арга хэмжээг авч, зөрчлийн үр дагаврыг арилгахыг даалгаж 30 хоногийн хугацаатай “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай” албан даалгавар хүргүүлсэн байна.