"Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивальд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илгээлт хүргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batbold.sh@montsame.gov.mn
2022-08-14 14:28:22
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын яамнаас 8 дугаар сарын 12-14-нд Горхи-Тэрэлжийн бүс нутагт зохион байгуулж буй "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивальд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илгээлт хүргүүлэв.


Илгээлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивалийн нээлтэд уншиж сонордуулаад, Соёлын сайд Ч.Номинд гардуулав.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн илгээлтэд "Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн соёлын өвийг өвлөн уламжлагч эрхэм хүндэт ард иргэд ээ,


Монголчууд бид бахархам түүх соёлтой, баялаг ёс заншилтай, давтагдашгүй өв уламжлалтай ард түмэн билээ.


Ухаан төгс бидний өвөг дээдэс байгаль дэлхий, сав, шим ертөнцийн зүй тогтолтой төгс зохицсон эртний нүүдлийн соёлыг төгөлдөржүүлж, хүмүүн, тэнгэр, газар гурвын шүтэлцээг эрхэмлэсэн нүүдлийн соёл иргэншлийг цогцлоон хөгжүүлсэн нь хүн хоорондын төдийгүй, хүн байгалийн зохист харилцааны асуудал хөндөгдөх болсон өнөөгийн дэлхий ертөнцөд үлгэр дуурайлал болохуйц үнэт зүйл юм.


Нүүдэлчин монголчуудын соёлын биет бус өвийн олон төрлийн илэрхийлэл байгаль дэлхийтэйгээ зөв харьцах, хүн хүнээ хүндэтгэх зэрэг олон талын зан харилцаа, ёс суртахууны үндэс суурь болохын зэрэгцээ Монгол үндэстний эв нэгдлийг бэхжүүлэх нэгдмэл үнэт зүйлсийг бүрдүүлэгч гол хүчин зүйлс болдог.


Тийм учраас Монгол Улсын Засгийн газар 2020-2024 үйл ажиллагааны хөтөлбөртөө “дэлхийн нүүдлийн соёл иргэншлийн төв болно” хэмээн зааж, Монгол Улсын Ерөнхийлөгч соёлын өвийг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх талаар олон зорилт дэвшүүлэн ажиллаж байгаагийн дотор “дэлхийн нүүдэлчдийн соёл, спортын их наадмыг эх орондоо тогтмол зохион байгуулах” зорилтыг дэвшүүлсэн билээ. Энэ томоохон зорилтыг ажил хэрэг болгоход “Нүүдэлчин Монгол” соёлын биет бус өвийн их наадам олон улсын хэмжээний их наадам болон өргөжиж чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэл төгс байна.


Монголчууд бидэнд төдийгүй хүн төрөлхтөнд хосгүй үнэ цэнтэй соёлын олон төрлийн өвөө хайрлан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн уламжлуулж, олон улсад сурталчлан таниулахад төр засаг, ард иргэд, бүх нийтээрээ хүчин чармайлт гарган хамтран ажиллах ёстой.


Өв тээгч ард иргэд, эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагууд, төр засаг хамтран манай улсаас ЮНЕСКО-ийн соёлын биет бус өвийн төлөөллийн болон яаралтай хамгаалах шаардлагатай өвийн жагсаалтад 15 өвөө бүртгүүлээд байгаа билээ. Цаашид энэ тоог нэмэгдүүлэх аливаа ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжин, хамтран ажиллах болно. Энэ бол бидний өвөг дээдсийнхээ өмнө, ирээдүй хойч үеийнхээ өмнө хүлээсэн журамт үүрэг мөн.


Дэлхийн олон үндэстэн, ард түмэн өөр өөрийн түүх соёлын өвөрмөц мөн чанараа хадгалан үлдэхийн төлөө тэмцэж байгаа хурдтай хөгжлийн эрин зуунд   Монгол соёлын биет бус өвийн олон зүйлс хувьсан өөрчлөгдөх, мартагдаж үгүй болох сорилт бэрхшээл тулгарч байгааг Та бүхэн гүнээ ухамсарлан Монгол Монголоороо оршихын үндэс болсон үнэт зүйлсээ сахин хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах үйлсэд хувь нэмрээ оруулахыг нийт ард иргэддээ уриалж байна. 


Эцэг өвгөдөөс уламжлан ирсэн соёлын өвөө хадгалан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх нэн чухал үйл хэргийг түүчээлж яваа эрхэм хүндэт өвлөн уламжлагчид, “Нүүдэлчин Монгол-2022” наадмын зохион байгуулагчид, хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид Та бүхэнд гүн талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 


Эзэн Богд Чингис хааны сүр хүч биднийг ивээж, нүүдлийн соёлын өв өнө мөнхөд орших болтугай" гэсэн байна.

Холбоотой мэдээ