НҮБ-ын даргын айлчлал: Төвийг сахиж, эвийг эрхэмлэсэн цөмийн зэвсэггүй Монгол Улс

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
uranatuya@gmail.com
2022-08-14 17:13:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс өөрийн нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй улс хэмээн зарласны 30 жилийн ой тохиож буй энэ жил Нэгдсэн Үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга айлчлан ирж, “Монгол бол цөмийн зэвсэггүй бүс нутаг учраас айлчилж байгаа юм” гэж дэлхий дахинд онцлон зарлав.


Энэ дэлхийн энх тайван байдалд сэв сууж, зарим улс гүрний харилцаа дайны хэмжээнд хүрсэн ийм цаг үед энхийг сахиж, зэвсэгт дайныг үл зөвшөөрөн, цөмийн зэвсгээс ангид улс гүрэн байхын нэр хүнд, үүрэг оролцоо өндөр юм гэдгийг энэ айлчлал нотлон харууллаа.


Одоогоос 61 жилийн өмнө Монгол Улс Дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахиулах дээд байгууллага Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн орон болсон юм. Өнөөдөр 190 гаруй улсыг эгнээндээ нэгтгэсэн энэ байгууллагад манай улс элсэн орохын тулд 1946 оноос эхлэн бүхэл бүтэн 15 жил ихээхэн хүчин чармайлт гаргасны эцэст 1961 онд 101 дэх гишүүн орон болж байсан түүхтэй.


Ийнхүү даян дэлхийн улс орнуудад бүрэн эрхт, бие даасан тусгаар улс гэдгээ тунхаглан зарласан манай улсад ердөө хэдхэн хоногийн өмнө өндөр босготой, өндөр их нэр хүндтэй, дэлхийн улс орнуудын дээд байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш айлчлав.  Энэ 8 дугаар сарын 8-11-ний хооронд болсон төрийн дээд түвшний айлчлалыг Монгол Улс оновчтой гадаад бодлого баримталж, голч зарчмаа алдахгүй явж ирсний нэг илэрхийлэл боллоо гэж улс төр судлаач, ажиглагчид дүгнэж байна. Мэдээж өнөөдөр цаг үеийн нөхцөл байдал эгзэгтэй, дэлхий нийтэд геополитикийн хүнд нөхцөл байдал тулгараад байгаа, мөн хоёр хөршийн дотоод гадаад дахь асуудал амаргүй байгаа ийм үед манайд айлчилсан нь ихээхэн хүндэтгэлтэй явдал гэхээс ч өөр аргагүй.  

 

Монгол Улсад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга айлчилсан дөрөв дэх удаагийнх нь энэ болж байгаа юм. Хамгийн сүүлд Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн 2009 онд айлчилсан байдаг.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад айлчилсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн айлчлал төрийн тэргүүнүүдтэй хийх уулзалтаас гадна монгол ёс заншил, ахуй соёлтой танилцах, тусгайлан бэлтгэсэн тоглолт үзүүлбэр үзэж сонирхох гэх мэт хөтөлбөр нь түүнд ихээхэн сонирхолтой, таатай байсныг хэлж байлаа. 

Түүний Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их хурлын дарга, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нартай хийсэн уулзалтууд ч мөн үр бүтээлтэй, энгийн найрсаг байдлаар өрнөж байв. Тэрбээр Монгол Улсын хувьд дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад үлгэр жишээ үзүүлж байгаа улс гэх мэтээр манай улсын дэлхий дахины энхийн төлөө гаргаж буй хүчин чармайлтыг уулзалт бүрээрээ байнга онцолж байсан юм.


Гутерреш: Монгол Улсад цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах чиглэлээр хүч чармайлт гаргаж байгаа улсынх нь  хувьд зочилж байна. Эх дэлхийг цөмийн зэвсгээс ангид болгохын тулд бусад улс ч Монгол Улсыг үлгэрлэн дуурайна гэдэгт би найдаж байна.


Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 61 жилийн ой, нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласны 30 жил, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой энэ жил тохиож байгаа юм. НҮБ-ын гишүүн орон болсноос хойших өдгөөг хүртэлх 60 гаруй жилийн хугацаандаа Монгол Улс тус байгууллагын үндсэн зорилго, зарчмуудыг тууштай дэмжиж, өөрийн хувь нэмрээ оруулж, идэвхтэй хамтран ажиллаж ирсэн байдаг.


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх түүнийг хүлээн авч уулзах үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, дэлхий дахинд энх тайван, амар амгалан байдал улам бүр хомсдож буй энэ үед энх тайвны билэг тэмдэг болсон Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлсэн. Түүний энэ үгийг гадаад дотоодын хэвлэлүүд олонтаа онцлон иш татаж мэдээлж байлаа. Мөн олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхийн төлөөх чармайлт, цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх, Солонгосын хойгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр Монгол Улсын оруулж буй нэмэр оролцоог өндрөөр үнэлсэн билээ.


Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрэгжүүлж эхлээд байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Нэг тэрбум мод” санаачилгыг тэрбээр онцгойлон сайшаасан бөгөөд мод тарих үйл ажиллагаанд ч мөн оролцсон юм. Энэ үеэрээ, эх дэлхийдээ ээлтэй хандаж чадаагүй бидний үеийн алдаа дутагдлыг засаж залруулах чухал үе залуусын өмнө иржээ гэв.


Монгол Улс Дэлхийн хамгийн халуун цэгүүдийн энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэн, НҮБ-ын Энхийн ажиллагаанд манлайлан оролцож, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангахад бодит хувь нэмэр оруулж ирсэн энхтайвныг эрхэмлэгч улс гэдгээрээ ч чухал байр суурьтай байна. Мөн “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” санаачилгыг хэрэгжүүлэхэд Монгол Улс тэргүүлэх үүрэгтэй оролцож ирсэн юм.


Далайд гарцгүй манай орны хувьд цар тахал, дайн зэрэг нь худалдаа, тээвэр, логистикийн  маш том бэрхшээл саад, сорилт болж байгаа билээ. Үүний хажуугаар цөлжилт, хүнсний аюулгүй байдал, эрчим хүчний хангамжийн нөхцөл байдал, эдийн засгийн асуудлууд, цаашдын нөөц бололцоо гэх мэт олон зүйл манайд тулгамдаж байгаа. Эдгээрийг Ерөнхий нарийн бичгийн дарга анхаарал тавин ажиглаж сонсож, мөн бололцоот бүх талаар оролцоо дэмжлэг үзүүлэхээ илэрхийлээд буцлаа. Тэрбээр, НҮБ-ын үйл ажиллагаанд  хувь нэмэр оруулж ирсэн танай улсад бидний үзүүлэх дэмжлэгт цаашид ч найдаж болно гэсэн. Энэ бол бидэнд тавьж буй маш том анхаарал гэсэн үг.


Ноён Антонио Гутерреш,“-НҮБ-ын зүгээс нийгэм, эдийн засаг болон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ. НҮБ болон Монгол Улсын хамтын ажиллагааг дахин нэг шат ахиулахыг хүсч байна. Хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, улс төрийн санаачилга, ялангуяа энх тайвны төлөөх үйл хэргийг гүнзгийрүүлэн, Монгол Улсын 2050 он хүртэлх урт хугацааны хөгжлийн Алсын хараа, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд улам бүр идэвхтэй оролцохыг хүсч байна” гэсэн юм.  

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ноён Антонио Гутеррешийг хүлээн авч уулзахдаа цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсгээр хөөцөлдөхөөс сэргийлэхийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад цаашид ч хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж байгаа. Олон улсын энх тайван, аюулгүй байдал хурцадсан  өнөө цагт манай улсын цөмийн зэвсэггүй статусын ач холбогдол улам нэмэгдэж байна гэдгийг онцлон тэмдэглэлээ.


УИХ-аас өнгөрсөн онд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан бөгөөд Ази-Номхон далайн бүс нутагтаа уг хуулийг баталсан анхны улс болсон билээ.


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийг хүлээн авч уулзах үеэрээ Монголын анхны гэгддэг усан цахилгаан станцын төсөлд учраад буй саад бэрхшээлийн талаар тэд ярилцсан юм. Тэд энэ талаар өмнө нь Бээжингийн олимпын үеэр хийсэн уулзалтаар мөн ярилцаж байсан юм. БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх Эгийн голын усан цахилгаан станцын төслийн маргаант асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг болохыг хүсээд амжсан.


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “хөгжиж буй орнууд эрчим хүчний хараат байдалд байж болохгүй. Тиймээс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн 46 дугаар чуулганаар энэ станцтай холбоотой судалгааны үр дүнтэй танилцаад, НҮБ энэ тал дээр бодлогын дэмжлэг үзүүлнэ”  хэмээн амлав.


Хөгжиж буй орнуудын эдийн засагт хүндээр тусаж байгаа асуудлууд болох цар тахлын нөлөө, Их гүрнүүдийн зөрчил, бодлогын тулгалт зэргийн гарц гаргалгаа юу байж болох талаар ирэх аравдугаар сард болох G-20 уулзалтын үеэр хөндөхийг ч мөн Ерөнхий сайд хүссэн.


Ковидын үед нийт хүн амын 43 хувийг дархлаажуулах хэмжээний вакцины тусламжийг НҮБ манайд өгсөн. Цар тахлын хүнд хэцүү үеийг вакцины тусламжтайгаар даван туулахад НҮБ-ын тусламж дэмжлэг, цаг алдалгүй нийлүүлж байсны хүчинд манайх хэд хэдэн сонголттойгоор иргэдээ дархлаажуулж байсныг дурдах хэрэгтэй. Ингэж хүн амаа маш сайн дархлаажуулж энгийн амьдралд шилжүүлэхэд НҮБ тус болсон төдийгүй Ази-Номхон далайн бүсийн анхны орнуудын нэг боллоо гэгдэж байв.

 

Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсгээр хөөцөлдөхөөс сэргийлэхийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад цаашид ч хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж байгаагаа манай улс илэрхийлж байгаа. Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд энэхүү зарчмаа чухалчлан баримталж байгаагаа хэлсэн.

 

Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай байгуулсан 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ”-нд үндэсний хөгжлийн зорилтуудад уялдуулан хүний хөгжил, тогтвортой өсөлт, хүн төвтэй засаглал, эрх зүйт ёс, хүний эрх гэсэн 5 тэргүүлэх чиглэлээр НҮБ-тай нягт хамтран ажиллана. Ялангуяа, манай улсын боловсролыг шинэчлэх, “Цахим үндэстэн” болох, сэргээгдэх эрчим хүчийг гол эрчим хүчний хангамж болгох зорилтуудыг хэрэгжүүлэхэд НҮБ-ын туслалцаа, дэмжлэг чухал байх болно гэж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлж байв.

 

НҮБ бол Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, байгаль орчныг хамгаалах, ардчиллыг дэмжих, хүний эрхийг хамгаалах хүчин чармайлтыг дэмжиж ирснээс гадна өнөөдөр манайд НҮБ-ын системийн байгууллагууд, сан, хөтөлбөрийг төлөөлсөн 11 байгууллага суурин ажиллаж, манай хөгжлийн бодлого, үйл ажиллагааны чухал түнш болж байгаа. 



Айлчлалын үеийн хөтөлбөрийн нэг хэсэг болох энхийг сахиулагчидтай уулзаж ярилцан, малчин  айлд зочилж, бэсрэг наадам үзэж сонирхсоныхоо дараа Ноён Антонио Гуттереш, "Монголын энхийг сахиулагчид бусад орнуудын энхийг сахиулагчдаас эр зориг, шаламгай байдал, дайчин чанараараа үргэлж ялгарч байдагт гайхах зүйлгүй мэт санагдлаа. Монгол Улсын энхийг сахиулагчдын дайчин эрэмгий байдал Монгол түмний цусанд байдаг юм байна" гэж байлаа. Энэ мэтчилэн монголчууд эх дэлхийн энхийн төлөөх байгууллагын тэргүүнд заншил түүхээ, нүүдэлчин өвөрмөц ахуйгаа, мөн бичиг соёлоо хүртэл үзүүлэн сонирхуулснаар баялаг өв сангаа энэ айлчлалаар дамжуулан дэлхий дахинаа сурталчилсан гэж хэлж болно.


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, “энэ бол цөмийн зэвсэггүй нутагт хийж буй айлчлал” хэмээн дахин дахин онцолж, үүний чухал ач холбогдлыг сануулсаар явсан. Манай улсын хөрш орнууд болон дэлхийн улс орнуудтай харилцаж, баримталж ирсэн гадаад бодлогыг ноён А. Гутерреш үнэлж, “бүс нутагтаа чухал үүрэг гүйцэтгэж ирсэн үр дүнтэй бодлого нь Монголын эрх ашгийг хамгаалах маш зөв арга зам юм” гэсэн.


Ийнхүү энэ дэлхийн амар амгалант байдлын төлөө өөрөөс шалтгаалах бүхнээ хийхийг хичээж байгаа, цөмийн зэвсгээс ангид бүс гэдгээ батлан зарласан, төвийг сахиж эвийг эрхэмлэхийг эртнээс гол зарчмаа болгож ирсэн зэрэг нь манай улсын нэр хүндийн нэгэн томоохон баталгаа болж чадлаа. 

Холбоотой мэдээ