Соёлын биет бус өвийн "Нүүдэлчин" наадмыг 16000 гаруй дотоод, гадаадын жуулчин үзэж сонирхжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batbold.sh@montsame.gov.mn
2022-08-14 23:39:10
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Нүүдэлчин-2022” наадам Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт 8 дугаар сарын 12-14-нд 3 өдөр үргэлжилж, ёслол төгөлдөр өндөрлөлөө. Соёлын биет бус өвийн энэхүү их наадамд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн  1227 өв тээгч, уламжлагч оролцож, 16000 гаруй дотоод, гадаадын жуулчин үзэж сонирхжээ.


Соёлын биет бус өвийн их наадмыг хааж Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Аливаа улс орон, үндэстэн угсаатны өөрийнхөөрөө оршин тогтнох, бусдаас өвөрмөцөөр бодож, сэтгэх, бүтээж туурвих, амьдран  хөгжихийн гол үндэс суурь нь язгуур өв соёл байдаг. Монголчууд бид Барга, Баяд, Буриад, Дархад, Дарьганга, Дөрвөд, Захчин, Мянгад, Найман, Ойрад, Өөлд, Торгууд, Сартуул, Урианхай, Үзэмчин, Халх, Халимаг, Харчин, Хорчин, Хотгойд, Цаатан, Цахар зэрэг олон угсаатны бүлгүүдтэй, арвин баялаг өв соёлтой улс. Өдгөө дэлхий даяараа Тогтвортой хөгжлийг бүхий л салбарт цогцлоох арга замыг эрэлхийлж, биологийн болон соёлын олон төрөл зүйлийг хамгаалахын төлөө хүчин чармайлт гаргаж буй энэ цаг үед нүүдэлчдийн уугуул соёл иргэншлээ хайрлан хамгаалж, угсаатны бүлгүүдийн өв соёлоо танин мэдэж, өвлөн уламжлах нь монголчууд бидний төдийгүй хүн төрөлхтний нэн тэргүүний зорилт мөнөөсөө мөн билээ. Энэ жилийн "НҮҮДЭЛЧИН-2022” наадам өмнөх наадмуудаас хамрах хүрээний хувьд өргөжин тэлж, агуулга, хэлбэр, зохион байгуулалтын хувьд ч илүү өвөрмөц, шинэлэг сайхан болж өндөрлөлөө. Наадмын хамгийн хүндтэй зочид болох соёлын өвийг тээгчид маань 21 аймаг, 9 дүүргээс хуран цуглаж, үндэстэн угсаатны язгуур өв соёл, билэг авьяасаа сорин, үзэгч түмнээ бахархан гайхууллаа.  Цаашид бид нүүдэлчдийн өв соёлоо  хадгалж хамгаалах, сурталчлан таниулах, өвлөн уламжлуулах, соёлын өв тээгчдийгээ дэмжин урамшуулах, бүх нийтийн соёлын өвийн боловсролыг дээшлүүлэх, мөн соёлын өвд тулгуурласан бүтээлч үйлдвэрлэлийн нийгэм, эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх чиглэлээр олон зорилтод хөтөлбөр,  төслийг хэрэгжүүлэх болно” хэмээж, монгол айл бүрийн гал голомтыг монгол өв соёлын онгод хийморь өнөд ивээж, Монгол орон минь үүрд мандан бадрахын ерөөлийг дэвшүүлэв. 


Тус наадмын үеэр морь, үхэр, сарлаг зэрэг хөсөг тэргийг ашиглаж, гэр бүл, хүүхэд залуучууд, наадамчин олонд зориулж эсгий хийх, айраг исгэх, сур боловсруулах, элдэх, нум сум харвах зэрэг уламжлалт монгол ахуйн  арга ухаанаас суралцах боломжийг бүрдүүлсэн байна. Мөн энэ удаагийн наадам нь нүүдэлчдийн байгаль хамгаалах арга ухааныг эрхэмлэн байгаль орчинд ээлтэй, эко орчныг бүрдүүлж тэг хаягдал (zero waste) буюу аливаа бүтээгдэхүүн, нөөцийг боломжит хязгаарт нь хүртэл дахин ашиглаж, хог хаягдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, нүүрс төрөгчийн ялгаралыг (carbon limited) бууруулахын тулд эрчим хүчний хэрэглээг багасгах зэрэг нөлөөллийн ажлуудыг хийж байгаагаараа онцлог боллоо.


Манай улс 2022 оны байдлаар ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвд нийт 15 өвийг бүртгүүлсэн байдаг. Иймд цаашид уламжлалт соёлын ахуй орчинг бүрдүүлж хүүхэд, залуус, түмэн олон эх орон, соёл, уламжлалаа дээдлэн хүндэтгэх оюуны дархлаа тогтоох зорилгоор 2023 онд Дэлхийн фестиваль болгон өргөжүүлэх зорилт тавин ажиллаж буй юм. 


Наадмын үеэр Соёлын биет бус өвийг хадгалж, хамгаалах, хойч үедээ түгээн дэлгэрүүлэх, авьяас билгийг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлах их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй өв тээгчдийг шагнан урамшуулсан юм. Энэ дундаас Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумаас оролцсон 90 настай өвлөн уламжлагч Б.Дашзэвэг хамгийн ахмадаар тодорсон бол хамгийн балчир нь Хөвсгөл аймгаас орлцогч 2 настай Б.Гүнжмөрөн шилдэг өвлөн уламжлагчаар шалгарлаа. Мөн Хөвсгөл аймаг хамгийн сайн өв соёлоо сурталчилж оролцсон аймгаар шалгарч 100 сая төгрөгөөр шагнуулсан байна. 


“Нүүдэлчин” наадмыг анх 2018 онд Хүй долоон худагт зохион байгуулж байсан бөгөөд аймаг тус бүр отогийн зохион байгуулалтад орж өөрийн нутаг дахь соёлын биет бус өвийн төрөл зүйлийг олон нийтэд сурталчилж байсан билээ.

















Холбоотой мэдээ