К.Харрис Японы Ерөнхий сайд асны оршуулгын ёслолд оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-08-15 10:25:41

ВАШИНГТОН. /Kyodo/. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис ирэх сард Токио хотноо болох Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзогийн төрийн оршуулгын ёслолд оролцохоор төлөвлөж байна гэж дипломат эх сурвалж ням гарагт мэдээлжээ.


Есдүгээр сарын 27-ны өдөр болох оршуулгын ёслолд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены оронд оролцохоор Японд хийх түүний айлчлал нь 2021 оны нэгдүгээр сард дэд ерөнхийлөгчийн тангараг өргөснөөсөө хойш тус улсад хийсэн анхны айлчлал болно.


АНУ-аас мөн Ерөнхийлөгч асан Барак Обама оршуулгын ёслолд оролцохоор төлөвлөж байна. Тус улсын Засгийн газар Япон руу урьдчилсан багийг наймдугаар сарын сүүлээр илгээхээр товлож байна гэж эх сурвалж мэдээлсэн байна.


Америкийн анхны өнгөт арьст, Ази-Америк гаралтай дэд Ерөнхийлөгч К.Харрис Японы Ерөнхий сайдын албыг хамгийн удаан хашсан А.Шинзог долоодугаар сарын 8-нд баруун нутгийн Нара хотод сонгуулийн кампанит ажилд зориулан үг хэлэх үеэрээ бууны суманд өртөн амиа алдсаны дараа эмгэнэл илэрхийлсэн юм.


“Тэрбээр АНУ-ын дотны нөхөр байсан билээ. Бид Япон нөхдийнхөө хамтаар түүнд хүндэтгэл илэрхийлэхийн сацуу аймшигт хэрэг явдлыг зэмлэн буруушааж байна” гэж К.Харрис “Twitter” хуудсандаа нийтэлсэн байна.


А.Шинзод зориулан төрийн санхүүжилттэй оршуулгын ёслол зохион байгуулах нь зохистой эсэх талаар олон нийт санал зөрөлдөж байгаа бөгөөд “Kyodo” агентлагийн саяхан явуулсан санал асуулгад оролцогчдын 53 хувь нь эсрэг саналтай байгаагаа илэрхийлжээ.


Оршуулгын ёслолд мөн Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон, Германы Канцлер асан Ангела Меркель зэрэг өндөр албан тушаалтнууд оролцож магадгүй байна гэж Японы Засгийн газрын эх сурвалж мэдээлсэн байна.


Ийнхүү өндөр албан тушаалтнууд оролцох эсэхээ батлан мэдэгдсэний дараа Ерөнхий сайд Кишида Фүмиотой хийх уулзалтуудыг оршуулгын ёслолын өмнө болон дараа товлох ажээ.


Засгийн газар оршуулгын ёслолыг Токио хотын “Ниппон Бүдокан” ордонд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг базааж байна. 67 насандаа амиа алдсан хууль тогтоогч асныг долоодугаар сарын 12-нд эцсийн замд нь үдсэн билээ. 

Холбоотой мэдээ